
- Монгол Улсын эдийн засаг энэ он гарсаар эрчимтэй сэргэж байна, ОУВС-ийн хувьд энэхүү өсөлт хэр тогтвортой байна гэж харж байна вэ? Өсөлтөө хадгалж үлдэхэд бодлогын ямар зөвлөмж өгөхөөр байна вэ?
- Тийм шүү, эдийн засгийн сэргэлт эрчимтэй явагдаж буй тул бидний хэлдгээр нартай байгаа дээр дээврээ засаж авах боломж гарч ирж байна. Бидний өгч байгаа зөвлөмж товчхондоо энэ. Эрдэс түүхий эдийн экспорт нэмэгдсэнээр гадаад валютын орох урсгал өсөж, Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлж байна. Бидний үзэж буйгаар энэ бол мөчлөгийн шинжтэй сэргэлт. Энэхүү сэргэлт урт хугацаанд тогтвортой хадгалагдах уу гэдэг нь асуулт хэвээр байна.
Иймд энэ жил бий болсон эерэг өөрчлөлтүүдийг ашиглан валютын нөөцөө бүрдүүлж, бүтцийн шинэчлэл, өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж өгч байна. Ер нь эдийн засаг эрчимтэй өсөж, хөл дээрээ бат зогсож байгаа үед бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх нь хэзээд илүү хялбар байдаг гэдгийг зөвлөмөөр байна.
- Эдийн засаг мөчлөгийн өрнөл дээр явж байна гэж та хэллээ. Монгол Улс энэ сэргэлтээ хэр удаан хадгалж чадна гэж бодож байна вэ?
- Монгол Улс нээлттэй эдийн засагтайгаас гадна эрдэс баялгийн экспортоос ихээхэн хамааралтай. Тийм учраас эдийн засгийн мөчлөгүүд нь гадаад зах зээлээс хамааралтай эрдэс түүхий эдийн үнэ, үйлдвэрлэлтэй нягт холбоотой байх нь элбэг. Энэ мөчлөг хэр удаан үргэлжлэхийг таамаглахад маш хэцүү, гэхдээ тулгарч болзошгүй хэд хэдэн эрсдэл бий. Тухайлбал: БНХАУ-ын эдийн засаг цаашид хэрхэх нь нэг эрсдэл.
ОУВС-ийн дэлхийн эдийн засгийн төлөвийн судалгаанд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг ирэх онд таван хувиас 4.2 хувь болж буурна гэж тооцоолсон. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширснаар эдийн засгийн хувьд нягт хамааралтай учраас Монгол Улсын экспортын гүйцэтгэл, гадаад валютын орох урсгалд сөргөөр нөлөөлнө гэж бодож байна. Үндсэндээ энэ бол томоохон эрсдэл юм.
- Дараагийн нэг эрсдэлд гадаад өрийн үйлчилгээг онцолж болохоор байна. Ирэх таван жилийн хугацаанд жилд дунджаар 975 сая ам.долларыг өрийн үйлчилгээнд төлөх ёстой гэж үзвэл өрийн харьцангуй өндөр дарамттай байгаа нь харагдаж байна. Монгол Улстай төстэй эдийн засгийн бүтэцтэй бусад эрчимтэй тэлж байгаа улс орнуудтай харьцуулбал ямар дүр зураг харагдаж байна вэ?
- Засгийн газрын гэлтгүй хувийн хэвшлийн өрийг дахин санхүүжүүлж чадах эсэх нь цаашид тулгарч болох эрсдэлүүдийн нэг болж байгааг олон ажиглагч онцолж байна. Сангийн яам, Монголбанкны зүгээс энэ оны эхэнд ухаалаг бодлого баримталсныг тодотгомоор байна. Сангийн яам энэ оны I улиралд төлөгдөх ёстой байсан “Евро бонд”-ыг амжилттай дахин санхүүжүүлж чадсан. Хэдий тийм боловч цаашид таны дурдсанчлан зээлийн том дүнтэй төлбөрүүд хүлээгдэж байна.
Үүнээс гадна Монгол Улсын гадаад өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ нэлээд өндөр байгаа учраас хувийн хэвшил ихээхэн эмзэг байдалд байна. Эдгээр эмзэг байдлыг зохицуулах талаар бид Монгол Улсын эдийн засагт яг одоо тохиож буй эерэг мөчийг ашиглан нөөцөө нэмж бүрдүүлэх хэрэгтэй гэж зөвлөхөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл илүү их төсвийн хэмнэлт хийж, зээлийн эргэн төлөлтөд бэлтгэх замаар цаашид өрийг дахин санхүүжүүлэхэд үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах нь зүйтэй.
Үүний нэгэн адил Төв банкны хувьд ч гадаад валютын албан нөөцөө нэмэгдүүлэх сайхан боломж гарч ирж байна. Гадаад валютын албан нөөц энэ он гарсаар бага багаар нэмэгдэж буй ч хангалттай түвшинд хүрч чадаагүй хэвээр байна. Тэгэхээр бидний зөвлөмж эдийн засгийннөөцөө нэмэгдүүлж, ирээдүйд гарах хуваарьт өр төлбөрөө барагдуулахад бэлтгэлтэй байхад чиглэж байна.
- Монгол Улс 2017 онд ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Дээр дурдсан өрийн дарамтыг харгалзан үзвэл Монгол Улс санхүүгийн дэмжлэг дахин авахад хүргэж болзошгүй эрсдэл, үзүүлэлтүүд байна уу?
- Ер нь улс орнууд өрийн тогтвортой байдалд нь асуудал үүссэн эсвэл санхүүжилтийн эх үүсвэр дутагдах нөхцөлд ОУВС-д хөтөлбөрийн хүсэлт тавьдаг. Гадаад санхүүжилтийн эх үүсвэр хэзээ дутагдах вэ гэвэл нэн даруй санхүүжилт гаргах боломжгүй, эсвэл жишээ нь: төсвийн алдагдлыг бууруулах, өөр бодлого хэрэгжүүлэх боломжгүй үед дэмжлэг шаардлагатай болдог. Яг одоо Монгол Улсын эдийн засагт сэргэлтийн мөчлөг эергээр нөлөөлж байна.
Хөтөлбөрийн хүсэлт тавих хойшлуулшгүй хэрэгцээ одоохондоо харагдахгүй байна. Хэдий тийм боловч мэдээжийн хэрэг Монголын эрх баригчид л шийднэ. ОУВС-ийн хувьд бодлогын яриа хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн байдаг. Миний бодлоор Монгол Улс одоо мөчлөгийн өрнөл дээр явж байгаа учраас ОУВС-ийн хөтөлбөргүй ч гэсэн бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлж чадвал эдийн засагт тулгамдаад буй бүтцийн шинжтэй асуудлуудыг шийдвэрлэх боломжтой.
Бүтцийн шинжтэй асуудлууд алга болоогүй, байсаар л байна гэж хэлэх гэсэн юм. Бүтцийн чиглэлээр эрх баригчдын зүгээс тодорхой арга хэмжээ авч үр дүнд хүрсэн хэдий ч шинэчлэл зайлшгүй шаардлагатай зарим асуудлууд үлдсэн. Тиймээс энэ асуудлуудад гол анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж бодож байна. Эдгээр шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлэх, үүнтэй холбоотойгоор ОУВС-аас дэмжлэг хүсэх эсэх нь мэдээжийн хэрэг эрх баригчдын шийдвэр байх болно.
- Зэрэглэл тогтоогч хэд хэдэн байгууллага Монгол Улсын эдийн засгийн 2023 онд хүрсэн сэргэлт түр зуурын байх болов уу гэж таамаглаж байна. Та эдийн засагч хүний хувьд үүнтэй санал нийлж байна уу?
- 2023 онд экспортолсон нүүрсний биет хэмжээ бидний тооцооллоос дээгүүр байсан. Бусад байгууллагуудынхаас ч өндөр байсан болов уу гэдгийг хэлмээр байна. Энэ агуулгаар харвал эрх баригчдын зүгээс зөв бодлого хэрэгжүүлсэн, тухайлбал: “Эрдэнэс Монгол” компанийн засаглалыг сайжруулах арга хэмжээ авсан, уул уурхайн бүтээгдэхүүний бирж ажиллуулж, эрдэс түүхий эд арилжаалж эхэлсэн нь эергээр нөлөөлсөн. Мөн эрдэс түүхий эдийн экспортыг гааль дээр илүү сайн хяналттай болгосон. Энэ бүхэн эерэг үр дүн авчирсан.
Нөгөө талаас БНХАУ-ын эрэлт ч өндөр байлаа. Энэ үүднээс авч үзвэл энэхүү сэргэлт нь түр зуурынх уу, байнгынх уу гэдгийг таамаглахын тулд БНХАУ-ын эдийн засаг цаашид хэрхэхийг төсөөлөх хэрэгтэй болно. Монголоос авах импортоо нэмэх үү, үгүй юу гэсэн үг. Энэ бол амаргүй асуулт. Гэхдээ дээр дурдсанчлан БНХАУ-ын эдийн засаг удааширч магадгүй гэсэн төсөөлөл болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналтад ороод байгаатай холбоотой эрсдэлүүд байсаар байна.
Өнөөгийн нөхцөл байдал, эрдэс түүхий эдийн зах зээл буюу эрдэс түүхий эдийн экспортын гадаад орчны талаар бидний гаргасан төсөөлөлд үндэслээд үндсэндээ сөргөөр нөлөөлөх эрсдэл өндөр байна гэж хэлмээр байна.
- Монгол Улсын валютын бодлого, гадаад валютын албан нөөцийн талаар ОУВС-аас ямар дүгнэлт өгч байна вэ? Бодлогын хүү сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд байгаагаас гадна инфляц 10 хувиас буурахгүй байна шүү дээ. Тиймээс гадаад “шок“ үүсэж болзошгүй нөхцөлд тогтвортой байдал, эрсдэл даах чадварыг хангах зорилгоор ОУВС-аас ямар бодлого баримтлахыг зөвлөж байна вэ?
- Тийм ээ. Мөнгөний бодлогын төлөвийн тухайд Монголбанк мөнгөний хатуу бодлого баримталж байгаа нь зохистой гэж харж байна. Учир нь инфляц 6±2 хувийн интервалын зорилтоос дээгүүр хэвээр байна шүү дээ.
Мөн Монголбанк өнгөрсөн онд валютын ханшийг уян хатан тогтоох нөхцөл бүрдүүлснээр валютын ханш гадаад “шок”-ийг шингээж, эдийн засгийн үзүүлэлтүүдийг дордуулахгүй байх боломж бий болгосон. Хэдий тийм боловч төсвийн бодлого энэ жил тэлсэн, мөн төсвийн төслөөс харахад ирэх жил нэмж тэлэх төлөвтэй байгаа тул инфляцын дарамт цаашид арилах төлөв харагдахгүй байна. Иймд Монголбанк инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхийг анхааралтай ажиж, шаардлагатай бол бодлогын төлөвөө нэмж хатууруулах хэрэгтэй гэж бодож байна.
Гадаад валютын албан нөөцийн тухайд дээр дурдсанчлан энэ он гарсаар валютын нөөц тодорхой хэмжээгээр нэмэгдсэн, гэхдээ санаа амрах болоогүй байна. Өөрөөр хэлбэл гадаад валютын албан нөөц Монгол шиг эдийн засагтай улсад байх ёстой хэмжээндээ хүрч нэмэгдээгүй байна. Иймд энэ чиглэлээр Монголбанк интервенцээ багасгах, эсвэл бүр гадаад валютыг зах зээлээс худалдан авах замаар нөөцөө нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах хэрэгтэй болов уу.
- Өнгөрсөн онд ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи УИХ-аас гаргаж байгаа шийдвэрүүд Монголбанкны хараат бус бие даасан байдалд халдаж байна гэсэн шүүмжлэл хэлсэн. Төв банкны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ хараат бус бие даасан байдлыг хангах чиглэлээр ОУВС-аас ямар зөвлөмж өгч байгаа вэ?
- Тийм ээ. Бидний өгч буй зөвлөмжүүдийн нэг нь Монголбанкны хараат бус бие даасан байдлыг бэхжүүлэх явдал. Тус банк өнгөрсөн хугацаанд төсөвтэй адилтгах үйл ажиллагаа явуулж байсан нь түүний үндсэн үүрэгтэй зөрчилдөж байгааг хэлж байгаа юм. Жишээлбэл: инфляцтай тэмцэх зорилго агуулж байгаа бол бодлогын хүүгээ нэмнэ тийм биз? Үүнтэй зэрэгцээд та хөнгөлөлттэй хүүтэй зээл гаргах үүрэг хүлээсэн гэвэл энэ хоёр зорилт нь нэг нэгэнтэйгээ харшилж байна гэж би хэлэх гээд байна.
Тиймээс хөнгөлөлттэй зээл гаргах үүрэг хүлээсэн Монголбанк инфляцтай тэмцэхэд хүндрэлтэй гэсэн үг. Тийм учраас төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоохын хажуугаар Төв банкны хараат бус бие даасан байдлыг бэхжүүлж, инфляцыг бууруулахад хамгийн зөв гэсэн бодлогын зорилтод нийцүүлэн Монголбанк үйл ажиллагаагаа явуулах боломж нөхцөл бүрдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг бид өгсөн. Ингэснээр Төв банканд хоорондоо зөрчилдсөн олон үүрэг хариуцуулж мөнгөний бодлогын үр дүнтэй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийх боломжтой.