
Зургийг: Alejandro Cegarra/Bloomberg
Энэ оны II улиралд “Tesla”-ийн борлуулалт шинжээчдийн таамгаас бага дүнгээр буурснаар хувьцааны ханш нь 10 орчим хувиар өслөө. Тус компани II улиралд 443 мянга 956 цахилгаан автомашин нийлүүлснээ тайлагнаад байна. Энэ нь “Wall Street”-ийн шинжээчдийн 439 мянга 302 автомашин борлуулна гэсэн таамгаас давсан дүн болж байгаа аж.
Тайлант хугацаанд тус компанийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар буурчээ. Ингэснээр нийлүүлэлт нь сүүлийн хоёр улирал дараалан өмнөх оны мөн үеэсээ буурсан үзүүлэлттэй гарч байна. Хэдий тийм боловч энэ оны I улиралд 368 мянган цахилгаан автомашин нийлүүлсэнтэй харьцуулахад II улиралд нийлүүлэлт нь өссөн байна.
Борлуулалт нь буурсан асуудалд тус компанийн зүгээс тодорхой тайлбар хийгээгүй аж. Хэдий тийм боловч энэ сарын 23-нд гарах санхүүгийн тайланг танилцуулах үеэр тодорхой мэдээлэл өгөхөөр байна.
Хөрөнгө оруулагчид “Tesla”-ийн таамгаас давсан гүйцэтгэлд сэтгэл хангалуун байгаа, энэ нь цахилгаан автомашины зах зээлд эерэг дохио болж байна гэж “Robert W. Baird” санхүүгийн компанийн шинжээч онцоллоо.