
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Ямар ч эрчимтэй арга хэмжээ авсан Улаанбаатарын агаарын бохирдлын асуудал богино хугацаанд шийдэгдэхэд хэцүү тул хувь хүмүүсийн хувьд эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг арга нь утааны нөлөөллөөс аль болох холдох явдал болж байна. Энэхүү хямралыг даван туулах иргэдийн хүчин чармайлтыг эдийн засгийн агуулгаар нь авч үзвэл зарим жишээг онцолж болохоор байгаа юм.
ӨВЛИЙН АЯЛАЛ
Хүйтний эрч, агаарын бохирдол оргилдоо хүрдэг 12 дугаар болон нэгдүгээр сард гадаад руу зорчих урсгал эрчимждэг хандлага бий. Харин энэ онд агаарын харилцааны шинэ гэрээнүүд олноор хийгдэж, визгүй зорчдог болон шууд нислэгтэй орнуудын тоо нэмэгдсэнээр иргэдийн өвлийн аяллын маршрут цар хүрээгээ улам тэлэх төлөвтэй боллоо. Joinme.mn платформын мэдээлснээр иргэдийн гадаад руу чиглэх урсгалын оргил үе нь XI-III сарын хооронд байдаг бөгөөд жилийн хугацаанд хилээр гарсан нийт иргэдийн 72 орчим хувь буюу давхардсан тоогоор дунджаар 1-1.5 сая хүн дээрх хугацаанд гадаад руу аялдаг тоо баримт байна.
Зуны саруудад гадаадын аялагчдыг хүлээн авч, өвлийн саруудад өөрсдөө гадаадад аялдаг энэхүү сонирхолтой зүй тогтлыг төлбөрийн тэнцлийн өнцгөөс харвал зарлага нь давамгайлж буй. Цар тахлын өмнөх 2019 онд Монголд аялсан жуулчид нийт 607 сая ам.доллар зарцуулсан байхад гадаадад аялсан монголчуудын зарцуулалт 615 сая ам.доллар байжээ.
“Өвлийн саруудад хот орчмын резорт, амралтын газруудын дүүргэлт сайжирдгаас харвал агаарын бохирдол том нөлөө үзүүлж байгаа” хэмээн “Joinme.mn”-ийн Үүсгэн байгуулагч Э.Цоморлиг онцолж байна.
АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ
Агаар дуслын замаар дамжих халдвар, агаарын бохирдлын эрсдэлийн талаар иргэдийн мэдлэг нэмэгдэж буй энэ үед тасалгааны агаар цэвэршүүлэгчийн зах зээл жилд дунджаар 8.1 хувиар өсөж, 2030 он гэхэд 26 гаруй тэрбум ам.доллароор хэмжигдэхээр байгааг “Grand View Research” өнгөрсөн онд тооцоолжээ. Харин Монгол Улсын хувьд оны эхний 10 сард 202 мянга гаруй ширхэг агаар тохируулагч, цэвэршүүлэгч төхөөрөмж импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн импортоос бараг дөрөв дахин өссөн үзүүлэлт болсныг Гаалийн ерөнхий газрын тайлангаас харж болохоор байгаа юм.
Хамгийн өргөн ашиглагддаг HEPA технологийн агаар цэвэршүүлэгч нь дотоод орчны агаар дахь PM2.5 тоосонцрыг дунджаар 3.2 дахин бууруулах боломжтой гэж Дэлхийн банкны Цэвэр агаар төслийн судалгаанд дурджээ.
БНХАУ-ЫН АМЖИЛТ
БНЭУ болон БНХАУ-ын томоохон хотуудад өвлийн цагт хоолой хорсгом утаа суунагладаг байсаар ирсэн бол өдгөө хоёр улсын нэг нь энэ асуудлыг бараг шийдвэрлэж чаджээ. Өнгөрсөн оны дэлхийн хамгийн их бохирдолтой 100 хотын 65 нь Энэтхэгийнх байсан бол БНХАУ-ын 16 хот “IQAir”-аас гаргасан жагсаалтад багтсан байна. Өмнө нь БНХАУ энэхүү жагсаалтыг тэргүүлдэг байв.
2014 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин агаарын бохирдлыг Бээжинд тулгамдаж буй “хамгийн чухал асуудал” болохыг хүлээн зөвшөөрч, улмаар эрх баригчид нь агаарын бохирдлыг бууруулах 270 тэрбум ам.долларын төсөвтэй үндэсний төлөвлөгөө боловсруулжээ. Чикагогийн их сургуулийн Эрчим хүчний бодлогын институтийн мэдээлж буйгаар БНХАУ-ын агаарын бохирдол 2013-2021 оны хооронд 42.3 хувиар буурсан аж.
УТАА БА УУШГИНЫ ХАВДАР
“Өнөөгийн нөхцөлд бид 30 жил амьдарсан. Энэ хугацаанд утааны нөлөөллөөс үүдэлтэй бүхий л өвчин ихэссэн гэж үзэж байгаа. Одоогоос төд удахгүй, 5-10 жилийн дараа уушгины хавдар Монголд тэргүүлэх хавдрын төрлүүдийн нэг болно гэж таамаглаж байна. Бидний амьдарч буй нөхцөлөөс ч бага түвшний утаатай нөхцөлд гурван жил амьдрахад хавдар үүсэх нөхцөл гурав дахин ихэсдэг олон улсын судалгаа гарсан. Иймд цаашдаа уушгины хавдар нэмэгдэх тул бэлтгэлтэй байх ёстой” гэж Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү ярилцлагадаа онцолж байна.
Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү