
Зургийг: Bloomberg
Тайланд улсын Засгийн газар гадаадын чинээлэг иргэд, хөрөнгө оруулагчид, чадварлаг мэргэжилтнүүд тус улсад ажиллаж, амьдрахад илүү таатай нөхцөл бүрдүүлэх үүднээс урт хугацааны виз олгох журамдаа өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ.
Онцлох өөрчлөлтүүд гэвэл урт хугацаанд оршин суух визтэй иргэд хамаарал бүхий хүмүүсээ Тайландад авчрахад тооны хязгаарлалт тогтоодоггүй болох, өндөр орлоготой иргэдэд зориулсан ангиллын виз горилж буй гадаад иргэдэд жилийн орлогын доод хэмжээний шалгуурыг арилгах, мөн ажилтнуудаа Тайландаас цахимаар ажиллахыг зөвшөөрдөг гадаадын компаниудад орлогын доод хэмжээний босгыг багасгах зэргээр хөнгөвчлөх арга хэмжээнүүд авч байгааг Тайландын Засгийн газрын Хөрөнгө оруулалтын зөвлөл лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ онцолжээ.
2022 онд хэрэгжиж эхэлсэн өмнөх визийн хөтөлбөрөөр гадаадын иргэд 10 жил хүртэлх хугацаанд оршин суух, хамаарал бүхий дөрвөн хүнээ авчрах, цахимаар ажиллах, орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх зэрэг давуу талууд санал болгож байв. Дээрх хөтөлбөр хэрэгжсэнээс хойш зөвхөн Европоос 6000 гаруй иргэн Тайландад оршин суух урт хугацааны виз мэдүүлжээ.
Тус улсын Засгийн газар визийн бодлогоо ийнхүү дахин зөөллөснөөр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, цар тахлын дараах үеийн эдийн засгийн сэргэлтийг дэмжинэ гэж үзэж байгаа аж.