logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Nvidia"-ийн ашгийн маржин 50 хувиас дээш хэвээр ч хөрөнгө оруулагчдын таалалд нийцсэнгүй. Юу болов?
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 30 11:00
    1109

    Зургийг: Bloomberg

    “Nvidia”-ийн дараагийн “саалийн үнээ” болох хүлээлттэй “Blackwell” чипийн үйлдвэрлэлд тооцоолоогүй сорилтууд учирч буйг хүлээн зөвшөөрсөн нь байдлыг хүндрүүлжээ

    “Nvidia” компани шинжээчдийн төсөөллийг бүхий л хэмжүүрээр эвдсэн дахин нэг гайхалтай улирлын тайлангаа танилцууллаа. Гэвч энэ нь хөрөнгө оруулагчдын таалалд нийцсэнгүйг бололтой, тайлан танилцуулсны дараа хувьцааны ханш нь найман хувиар унав. Юу болов?

    “Эрхэлсэн” хөрөнгө оруулагчид

    Технологийн салбарын тайлангуудаас хамгийн их хүлээлт үүсгэдэг нь болоод буй “Nvidia”-ийн улирлын тайлан пүрэв гарагт танилцуулагдлаа. Долоодугаар сарын 28-наар эцэслэгдсэн санхүүгийн II улиралд тус компанийн борлуулалтын орлого 130 хувиар өсөж, 30 тэрбум ам.доллар хүрсэн байна. Харьцуулбал шинжээчдийн дундаж төсөөлөл 28.9 тэрбум ам.доллар байлаа.

    Харин тус компани тайлангаа танилцуулахдаа III улирлын борлуулалтын орлого нь 32.5 тэрбум ам.доллар орчим байх төлөвтэйг дурдсан нь хөрөнгө оруулагчдад сэтгэгдэл төрүүлж чадсангүй. Хэдийгээр шинжээчдийн дундаж төсөөлөл 31.9 тэрбум ам.доллар байсан ч зарим тооцоолол бүр 37.9 тэрбум хүрч байлаа.

    Үүнээс гадна “Nvidia”-ийн дараагийн “саалийн үнээ” болох хүлээлттэй “Blackwell” чипийн үйлдвэрлэлд тооцоолоогүй сорилтууд учирч буйг хүлээн зөвшөөрсөн нь байдлыг хүндрүүлжээ. Зах зээлд ноёлж буй “Nvidia”-ийн хиймэл оюунт процессорын дараагийн үеийн нийлүүлэлт саатаж болзошгүй болгоомжлол үүссэн нь тус компанийн хувьцаа 8.4 хүртэлх хувиар унахад нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч өнгөрсөн онд 239 хувиар өсөж байсан “Nvidia”-ийн хувьцаа энэ он гарсаар мөн л өлхөн хоёр дахин өсчхөөд байгаа юм.

    Улирал бүрд төсөөлөл эвддэг шуургалсан өсөлтөд нь дассан хөрөнгө оруулагчдын хүлээлт хэтэрхий өндөр, тогтвортой бус байгааг шинжээчид тодотгож байна. Тэр дундаа ашгийн маржин 50 хувиас дээш буюу “S&P 500 Index”-ийн дунджаас тав дахин өндөр хэвээр байгаа тул хэний ч санааг зовоохооргүй байгааг “Bloomberg”-ийн Жон Аутерс бичжээ. Гэтэл тус компани нийт борлуулалтынхаа 50-иас дээш хувийг ашиг болгон үлдээж байхад хөрөнгө оруулагчид сэтгэл хангалуун бус байгаа нь хиймэл оюуны халуурал оргилдоо хүрээд буурч эхэлсний дохио байж бас болох аж.

    Оргилдоо хүрсэн үү?

    Сүүлийн хэдэн сарын хугацаанд мэдээллийн хэрэгслүүд дээрх хиймэл оюуны тухай мэдээний тоо буурсаар иржээ. “Bloomberg News Trends”-ийн үзүүлэлтээс харвал өнгөрсөн оны 11 дүгээр  сард “Nvidia”-ийн тайлан болон “OpenAI”-ийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэн ажлаасаа түр хугацаанд халагдсан драм давхцах үед хиймэл оюуны мэдээлэлд чиглэсэн сонирхол оргилдоо хүрч байжээ.

    “Financial Insyghts”-ийн судалсан өөр нэг индикатор байгаа нь “Super Micro Computer”, “MicroStrategy” зэрэг илүү спекулятив шинжтэй хөрөнгө оруулалт голлодог, сэтгэл хөдлөл дагасан савлагаа ихтэй хувьцаанууд аж. Тэдгээрийн ханш өнгөрсөн хавар оргилдоо хүрснээс хойш бүгд 20-иос илүү хувиар унаад байна.

    Гэвч энэ нь “Nvidia”-ийн “хөөс” мөн хагарах гэж байна гэсэн үг биш болохыг Жон Аутерс онцолжээ. Харин Холбооны Нөөцийн банкны бодлогын хүү буурахтай зэрэгцэн энэ халуурал намжиж, спекулятив хөөс арилбал “Nvidia”-ийн өсөлт улам “эрүүлжиж” магадгүй аж.

    Женсен Хуан юу гэв?

    “Санаа зовоосон “Blackwell” чипийн нийлүүлэлт компанийн үйлдвэрлэл эрчээ авсны дараа хангалттай түвшинд хүрэх”-ийг “Nvidia”-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан “Bloomberg TV"-д өгсөн тусгай ярилцлагадаа онцоллоо.

    Мөн “Шинэ чипийн нийлүүлэлт их, бүр маш их байх болно. Тэгэхээр бид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой болно” гэсэн байна. Мөн дэлхийн дата төвүүдийн хоцрогдсон технологийг шинэчлэхэд нэг их наяд ам.доллароор хэмжигдэх тоног, төхөөрөмж шаардагдана гэж үзжээ.

    Япон улсын Засгийн газраас олон тэрбум ам.долларын санаачилгаар компаниудаа санал болгосон. Интернэт болон харилцаа холбооны компаниудаа санал болгож, хиймэл оюуны дэд бүтцэд нь хөрөнгө оруулахыг уриалж байсан. Канад, Их Британи, Франц, Итали зэрэг олон орон энэ байдлаар дотоодын дата төвүүдэд нь хөрөнгө оруулахыг уриалж байна. Ингэснээр тэд өөрсдийн хиймэл оюуны дэд бүтцээ бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Мэдлэг туршлага, дижитал дата бол үндэсний баялгийнх нь нэг хэсэг гэдгийг тэд ойлгож байна.

    Cэтгэгдэл бичих