
Зургийг: Desiree Rios/Bloomberg
АНУ-ын "Great Plains"-д хөдөө аж ахуйн аварга “Cargill” компанийн үхэр сүргийг алсын удирдлагатай роботууд хариулдаг болжээ. Мөн роботууд АНУ даяар мах боловсруулах үйлдвэрт мах савлаж, тээвэрлэхэд бэлтгэж байна. Харин шувууны аж ахуйн “Wayne-Sanderson Farms” компани дэгдээхэйнүүдийг өндөгнөөсөө гараагүй байхад нь вакцин хийж, хэдэн долоо хоногийн дараа төхөөрөх цогц аппарат ажиллуулах аж.
Өнгөц харахад АНУ-ын мах бэлтгэлийн компаниуд дэлхийн хамгийн хүнд хүчир ажлын талбарууд дээр хүний хөдөлмөрийг машин техникээр амжилттай орлуулсан мэт. Харин үхэр, гахай, тахианы мах боловсруулагч компаниудын хувьд хэдийгээр үйлдвэрт нь автоматжуулалт нэвтэрч буй ч мах эвдэх зэрэг ашиг орлогод нь шууд нөлөөтэй ажлуудын механикжуулах явц нь удаашралтай байгаа юм. Учир нь ажиллагаа их шаарддаг, хүнд хэцүү тус үйл явцын үед ясан дээр хэдхэн грамм мах үлдээх нь компанийн ашгийн маржиныг бууруулж байдаг. Хэдийгээр роботуудад бэртэж, гэмтэх аюул байхгүй ч ар араасаа цуврах янз бүрийн жинтэй үхэр, тахиа, гахайны махыг хүн л учрыг нь олж, эвдэж чадна. Махыг дээд зэргийн чанартайгаар эвдэх нарийн ур чадварыг хүн л эртнээс эзэмшсэн болохоор тэр.
Хэдий тийм боловч энэ байдал өөрчлөгдөж магадгүй байна. Машин сургалт, дүрс боловсруулалт, хиймэл оюунд гарсан сүүлийг үеийн дэвшлийн ачаар тахианы цээж махыг өөгүй хэрчих, эсвэл гахай, үхрийн том гулуузыг нарийн нямбай эвдэх зэрэг автоматжуулахад хамгийн хэцүү ажлыг удахгүй робот гүйцэтгэх боломжтой болох нь.

Бизнесийн үйл ажиллагааны хүрээнд авч үзвэл тэрхүү технологи эртнээс тулгамдаж байсан ажиллах хүчний хомсдолын асуудлыг зөөлрүүлж чадахаар байна. Ялангуяа Covid-19 цар тахлын үед ажиллагчид байхгүй болсноор супермаркетуудын лангуу хоосорч байсан билээ.
“Tyson” компани мэдрэгч болон камераар тоноглогдсон тахианы цээж мах хэрчигч робот хөгжүүлснээ ярьсан юм. Энэ нь гараараа мах эвддэг дундаж ажилтнаас илүү ажлын бүтээмжтэй гэдгийг мөн онцолсон аж.
2015 оноос хойш хөгжүүлж буй тус робот одоо “туршилтын шатаа давсан” гэж Капур өгүүлэнгээ робот компанийн Арканзас мужийн Спрингдэйл хот дахь автоматжуулалтын төвд хэрхэн ажиллаж буй дүрсийг харуулж байлаа.
“Бид бизнесийнхээ амин чухал тасагт ажилчин олох тун хүндрэлтэй байдаг асуудлыг шийдсэн” хэмээн тэрбээр тодотгож байсан юм.
Автоматжуулалт нь хэзээнээсээ л компаниудын мөрөөдлийн жагсаалтад байжээ. Үйлдвэрийн байр хүйтэн, чийгтэй, ажилчид тогтдоггүй тул ажиллах хүч байнгын асуудал болдог байж. Ялангуяа цар тахлын үед жижиг тасалгаанд хоорондоо ойрхон зайд ажиллаж байсан ажилчид олноороо өвчин тусахад үйлдвэрүүд ажиллах хүчний дутагдалд орж, үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлэх нь асар чухал болсон юм. Харин саяхнаас АНУ-ын махны салбарт нийлүүлэлт илүүдэж, мал амьтны тэжээлийн үнэ нэмэгдсэн тул компаниуд зардлаа бууруулж, ашгийн маржинаа өсгөх шаардлагатай болжээ.

"Cargill", "Continental Grain" компаниудын хамтын хөрөнгө оруулалттай ”Wayne-Sanderson Farms” шувууны аж ахуйн компани дээр роботууд одоо тахианы мах шулах ажлын бараг гуравны хоёрыг гүйцэтгэж байна. Ингэснээр хурд нь цар тахлын өмнөх үеийнхээс ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн гэж компанийн Гүйцэтгэх захирал Кевин МакДаниел онцолж байлаа. “Covid-19 цар тахал дэгдэж, хүмүүсээ ажиллуулж чадахгүй болсон үед бидэнд хэрэглэгчдийн эрэлтийг хангах үүнээс өөр арга байгаагүй” хэмээн тэрбээр ярьж байсан юм. “Технологи улам бүр сайжирсаар байгаа тул роботууд одоо тахианы гуя, мөчний хэсгийг шулахдаа гараар эвдэхээс илүү гардаггүй юмаа гэхэд эн зэрэгцэхээр болсон. Харин цээж, далавчны хэсгийг шулахдаа хүний гарын ажиллагааг гүйцэхгүй хэвээр байгаа”-г тодотгожээ.
Автоматжуулна гэдэг нь ажилчдынхаа тоог огцом бууруулна гэсэн үг биш болохыг компаниуд хэлж байлаа. Харин ажилчдаа хяналт шалгалт зэрэг бусад ажил үүрэгт томилох, сул орон тоон дээр нөхөж ажиллуулах зэрэг зохицуулалт хийх боломжтой гэсэн юм.