Зургийг: I-Hwa Cheng/Bloomberg
Томоохон хөрөнгө оруулалтын банкнууд хиймэл оюуны салбарт эерэг хүлээлттэй байгаатай холбоотойгоор Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч “TSMC” компанийн хувьцааны ханш сүүлийн гурав орчим жилийн өндөр дүнгээр өслөө.
Сар шинийн баярын амралтын дараа тус компанийн хувьцааны ханш 9.8 хувиар өссөн байна. Энэ нь 2020 оны долоодугаар сараас хойш нэг өдрийн дотор хамгийн их өссөн үзүүлэлт болов.
Хиймэл оюуны зах зээл тэлэхийн хэрээр “Apple”, “Nvidia” зэрэг томоохон компанийн нийлүүлэгч “ТSMC”-ийн ашиг, орлого улам нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Үүнийг дагаад Тайванийн Хөрөнгийн биржийн жишиг индексийн нэг өдрийн өсөлт шинэ дээд цэгт хүрээд байна. “TSMC” компани тус индексийн 30 орчим хувийг дангаар бүрдүүлдэг аж.
Сүүлийн байдлаар өнгөрсөн нэгдүгээр сард “TSMC”-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өсөж, 6.9 тэрбум ам.доллар хүрчээ. Харин энэ улирлын байдлаар тус компанийн борлуулалтын орлого нь найман хувиар өсөж, 18.8 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолж байна.