
Зургийг: С.Батсайхан
Дэлхийн 22 улсын томуугийн үндэсний төвөөс ирүүлсэн 300 гаруй мянган сорьцод шинжилгээ хийхэд, томуугийн А хүрээний H3N2 болон H1N1 вирус давамгай явагдаж байна гэсэн мэдээллийг ДЭМБ өгснийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд мэдээлэв.
12 дугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд амбулаториор 274 мянган хүн үйлчлүүлснээс 7.1 хувь нь томуу, томуу төст өвчний тохиолдол байсан аж. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар их, харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар бага байгааг Эрүүл мэндийн яам онцоллоо. Түргэн тусламжийн нийт дуудлагын 23.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 4.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар нэмэгджээ.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг. Одоогийн байдлаар Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай зэрэг 14 аймаг II буюу идэвхжилийн түвшинд байгаа бол Улаанбаатар хот болон Архангай, Булган, Сүхбаатар зэрэг долоон аймаг III түвшинд буюу алаг цоог дэгдэлтийн түвшинд байгаа аж.
Энэ жилийн хувьд улирлын томуугийн А хүрээний H3N2 хэв шинжийн вирус, амьсгалын замын синцитиаль вирус, риновирус, SARS-COV-2 вирус давхар эргэлтэд байгаа нь бага насны хүүхэд хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж Эрүүл мэндийн яам мэдээллээ.
21 аймаг, найман дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд 8854 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 25.9 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.8 хувиар нэмэгджээ.
Түүнчлэн томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 91.4 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, үүнээс 80 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байгааг онцолж байна.
Энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний улмаас 1892 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол 12 сарын 17-ны байдлаар 2300 болж, 500 гаруй хүүхдээр нэмэгдээд байгаа аж.
Олон улсын судалгаануудаас харахад томуугаар өвдөх эрсдэл агаарын хэм буурахад 11 хувиар, харьцангуй чийгшил буурахад 58 хувиар нэмэгддэг байна.