
Зургийг: Brent Lewin/Bloomberg
Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компанийн олборлосон түүхий нүүрсний хэмжээ III улиралд өмнөх оны мөн үеэс 23 хувиар өсөж, 4.3 сая тонн хүрсэн байна. Харин боловсруулсан түүхий коксжих нүүрсний хэмжээ нь жилийн өмнө 3.9 сая тонн байснаасаа 3.6 сая тонн болж буурсныг мэдээллээ.
Тус компанийн гол бүтээгдэхүүн угаасан коксжих нүүрсний үйлдвэрлэл нэг сая 931 мянган тонноос нэг сая 929 мянган тонн болж ялимгүй буурсан байна. Хэдий тийм боловч угаасан нүүрний борлуулалт нь 16 хувиар өсөж, хоёр сая тонн давсныг “Mongolian Mining Corporation” тайлагнав.
БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн салбарт эрэлт муудсанаас шалтгаалан коксжих нүүрсний зах зээлд сүүлийн улиралд үнийн уналт давамгайлж байсан юм.
Коксжих нүүрсний үнэ доогуур байгаагаас шалтгаалан “Mongolian Mining Corporation”-ийн орлого 2024 онд 10 орчим хувиар буурна гэсэн төсөөллийг “Moody's” агентлаг наймдугаар сард гаргаж байв.
Олборлолтын мэдээллээ танилцуулсны дараа тус компанийн хувьцааны ханш гурван хувийн өсөлттэй хаагдлаа.