logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монгол дахь саадууд: Экспортын бичиг баримт, гаалийн бүрдүүлэлтэд бараг 134-168 цаг зарцуулагдаж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 23 10:35
    306

    Зургийг: Монголын гааль

    Монгол Улсын хил дамнасан худалдааны гүйцэтгэл 2015 оноос хойш сайжраагүйн дээр харьцуулж болох бүх улсуудаас хоцорч байна

    Монголын бараа, бүтээгдэхүүн экспортын зах зээлд гарсан ч тогтвортой худалдаагдах байдал, мөн гадаад худалдааны түншүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх магадлал бага байгааг Дэлхийн банк саяхан гаргасан Монгол Улсын гадаад худалдааны өрсөлдөх чадварын шинжилгээндээ анхааруулжээ.

    Эдийн засгийн бүтэц ойролцоо орнуудтай харьцуулахад Монголын гадаад худалдаа маш нээлттэй боловч түүхий эдийн экспорт нийт экспортын 83 хувийг эзэлж, уул уурхайн бус экспортыг хөгжүүлэхэд шаардагдах нөөцийг хязгаарлаж байна. Түүнчлэн мөчлөг дагасан макро эдийн засгийн бодлогo хэрэгжүүлсээр ирсэн нь түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэж эдийн засагт үүсэх тогтворгүй байдлыг улам даамжруулах болов.

    Эхний саад - Логистик

    Монгол Улсын хил дамнасан худалдааны гүйцэтгэл 2015 оноос хойш сайжраагүйн дээр харьцуулж болох бүх улсуудаас хоцорч байна. Судалгаанд дурдсанаар хил дамнасан худалдааны зардал хэдий бага ч экспортод шаардлагатай бичиг баримт, гаалийн бүрдүүлэлтийг хангахад бараг 134-168 цаг зарцуулагддаг аж. Энэ нь Лаос, Азербайжанаас 11-15 дахин, Казахстан, Вьетнамаас 2-4 дахин урт хугацаа юм.

    unnamed (1).jpg

    Боомт дээрх хүлээлгийн хугацаанаас гадна дэд бүтцийн дутагдалтай байдал, бараа бүтээгдэхүүнд тавих хяналт, логистикийн чадавх зэрэг бусад чухал үзүүлэлтээр ч хоцрогдолтой байгаа нь далайд гарцгүй, газарзүйн хувьд алслагдсан сул талд улам нэрмээс болж буй.

    Иймд дунд хугацаанд логистикийн гүйцэтгэлд чухал нөлөө үзүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийг хурдасгах, ингэхдээ төлбөрийн тэнцэлд ихээхэн дарамт учруулахгүйгээр үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатайг Дэлхийн банк зөвлөжээ.

    Дараагийн саад - Тарифын зохицуулалт

    Хил гаалийн татвар, хураамж дийлэнхдээ таван хувь буюу нэн тааламжтай, мөн гадаад худалдааны бодлого харьцангуй нээлттэй боловч Монгол Улс худалдааны хэлэлцээрээр үүсэж буй давуу талаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа нь Дэлхийн банкны хөндсөн бас нэг сорилт. Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн ч түүнээс хойш байгуулсан худалдааны гэрээний тоогоор дэлхийд сүүл мушгиж буйг тодотгожээ. Тодруулбал: Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Ази-Номхон далайн худалдааны хэлэлцээр (APTA) гэсэн хоёрхон гэрээ өдгөө мөрдөгдөж байгаа аж.

    Цахим үйлчилгээний боломж

    Гадаад худалдаанд үүсэж буй дээрх саад бэрхшээлийг дэлхийд цахим худалдаа хурдацтай хөгжиж буй энэ үеийг ашиглан даван туулах боломжтойг Дэлхийн банк тусгайлан онцолсон байна.

    unnamed (2).jpg

    Үүний тулд одоо байгаа нөөц бололцоондоо тулгуурлан цахим үйлчилгээний чиглэлээр гадаад худалдаагаа өргөжүүлэх стратеги боловсруулан, хэрэгжүүлэх боломжтой. Монголын залуу, өсөн нэмэгдэж буй хүн ам (иргэдийн 59 орчим хувь нь 30-аас доош насныхан) цахим үйлчилгээний холбогдолтой ажлын байранд гараад ур чадвараа хурдан хугацаанд хөгжүүлэх бүрэн бололцоотой гэж үзжээ.

    Тиймээс эн тэргүүнд харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, цахим үйлчилгээний экспортод шаардагдах ур чадварын ажиглалтын төвийг байгуулах, синтетик өгөгдлийн үндэсний хөтөлбөр боловсруулах, үндэсний блокчэйн дэд бүтцийг бий болгох зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг санал болгосон байна.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих