
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Зуны аагим халуун өдөр ажилдаа явах нь ямар зовлонтой байдгийг хүн бүр мэднэ. Халуунд тархины үйл ажиллагаа удааширч, тээврийн хэрэгслээр зорчиход тухгүй болж, ялангуяа гадаа ажилладаг хүмүүст ажлын цаг, мөч бүр аюул болж хувирна.
Эдгээр бүх хүчин зүйлс хавсарснаар ажилтны бүтээмжид сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт хэт халалтыг улам хүчтэй болгох тусам тэрхүү нөлөөлөл дэндүү илэрхий болж байна.
“Хүмүүс халууцаж л байдаг, хөлөрч л байдаг, тэглээ гээд зүгээр л байдаг шүү дээ гэж бид боддог байлаа. Харин одоо огтхон ч зүгээр биш гэдэг нь тодорхой болсон” хэмээн “Center for American Progress” төвийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн захирал Жилл Розентал онцолж байлаа.
Энэхүү аюул заналыг тоон утгаар илэрхийлэх нь амаргүй байж мэднэ. Ерөнхийд нь авч үзвэл цаг агаараас шалтгаалсан зам тээврийн саатлаас эхлээд сургуулийн хүүхдүүдийн хичээл завсардах, хүний сэтгэн бодох чадвар муудах, нойргүйдэх гээд бүгд багтах юм.
Хэдий тийм боловч ноцтой тоо баримтууд бас бий. Өнгөрсөн зуны хэт халалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Atlantic Council”-ийн тайлангаас цохон үг хэлэхдээ хэт халуун цаг агаар АНУ-д жил бүр 100 тэрбум ам.долларын хохирол учруулж буйг онцолсноос гадна 2030 он гэхэд энэ алдагдал хоёр дахин өсөх боломжтойг анхааруулсан юм. 1992-2017 оны хооронд АНУ-д халалтаас үүдэлтэй биеийн хямралын улмаас 800 гаруй ажилтан амиа алдаж, 70 мянга гаруй хүний эрүүл мэндэд хохирол учруулсныг тус улсын Хөдөлмөрийн Статистикийн хорооны мэдээллээс харж болно.
Халалтын нөлөөг хамгийн ноцтой байдлаар мэдэрч буй нь гадна талбайд ажилладаг хүмүүс юм. Тухайлбал: АНУ-д зөвхөн таван мужид л гадна ажиллагсдыг амрах цэг, сүүдэрлэх саравч, усаар заавал хангах журамтай байдаг байна. Зарим улс орнууд энэ талд илүү тодорхой зохицуулалттай байдаг. БНХАУ-ын ажил олгогчид ажилтнуудаа халуунаас үүдэлтэй өвчин эмгэгийн талаар сургалтад хамруулахын зэрэгцээ амралтын цэг, үнэгүй хүйтэн ундаа, дотор орчны агааржуулалтаар хангах үүрэг хүлээдэг аж.
Мөн хэт халуун өдрүүдэд ажлын цаг, эрчмийг багасгах, эсвэл чөлөө олгох арга хэмжээ авна. Хэрэв гаднах агаарын температур цельсийн нэмэх 35 хэм, доторх температур 34.4°C-ээс доош байх шаардлагыг тухайн ажлын байр хангахгүй бол ажилтнууддаа өдрийн 1.24 ам.доллароос 30.90 ам.доллар хүртэлх хэмжээний нөхөн олговор олгодог.
Сан Франциско хотын Холбооны Нөөцийн банкны мэдээлснээр хэт халалтын улмаас хөдөлмөрийн алдагдал хүлээдэг салбаруудад барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарууд багтдаг аж.
Дийлэнх тохиолдолд агааржуулагч хангалттай оффист ажилладаг цагаан захтнууд ч хэт халалтын нөлөөллөөс бүрэн ангид байдаггүй. Халалт хүний сэтгэн бодох үйл ажиллагаанд нөлөөлдөг нь зарим талаараа үүнтэй холбоотой. Хүний бие өөрөө өөрийгөө сэрүүцүүлэх процесс нь жирийн үед тархины нарийн төвөгтэй үйл ажиллагаанд зарцуулагдаж байдаг энергийг сордог болохыг “Байгалийн жин: Өөрчлөгдөж буй уур амьсгал бидний тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?” номын зохиогч, нейрологч Клэйтон Пэйж Алдерн онцолсон байна.
Халуун цаг агаар нь мөн тархины эдүүдэд үрэвсэл үүсгэж, мэдрэлийн эс хоорондын холбоосыг сулруулж, нойр тасалдуулснаар сэтгэн бодох хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Хэдий агааржуулалт нь эдгээр аюулаас сэргийлж чадах ч шөнийн цагаар болон ажилдаа очих замдаа халууцах нь сэтгэн бодох чадварт урт хугацааны сөрөг нөлөө үзүүлэх боломжтойг Клэйтон Пэйж Алдерн мөн өгүүлжээ.