
Зургийг: Bloomberg/Fred Dufour/AFP/Getty Images
Засгийн газрууд, үндэстэн дамнасан корпорацууд, стартапууд гээд бүгд хиймэл оюунт технологи хөгжүүлж, чип үйлдвэрлэлийн төвтэй болохоор яарч буй энэ үед Бээжин, Вашингтон хоорондын зөрчлийн дам нөлөөлөл Зүүн Өмнөд Азийн бүсэд ирээдүйн технологийн зангилаа цэг бий болох үрийг тарьж байна.
Амьдралд ганц тохиох боломж
2020-2023 оны хооронд Малайз, Вьетнам улсад нийлээд 100 тэрбум гаруй ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Ирэх жилүүдэд ч мөн олон арван тэрбумын хөрөнгө оруулалт хүлээгдэж буй. Үүний үр нөлөө нь бүс нутагт шинэ ажлын байр, өрхийн орлогын өсөлт болон ирж байна.
Зүүн Өмнөд Азийн бүс цар тахлын үед эхэлсэн шилжилтийн “гол дүр” байж, дэлхий даяар ухаалаг гар утас, компьютер, дата төвийн сервер зэргийн үйлдвэрлэлийн уламжлалт сүлжээ өөрчлөгдөхөд томоохон үүрэг гүйцэтгэх болжээ. Ялангуяа АНУ хориг арга хэмжээгээр дамжуулан БНХАУ-ын технологийн амбицыг хязгаарлаж эхэлснээр компаниуд үйлдвэрлэлээ шилжүүлэх өөр газар эрэлхийлж, ажиллах хүч хангалттай, Засгийн газар нь дэмжлэг сайтай орнуудыг харамгүй “шагнаж” эхлээд буй.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп импортын бараа, бүтээгдэхүүнд гаалийн тарифаа эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж, зөвхөн БНХАУ гэлтгүй бусад олон орны хөрөнгө оруулалтын орчинд эрсдэл учруулж байгаа ч Зүүн Өмнөд Азийн төлөв гэгээлэг хэвээр. “Малайз улс үүнийг дундаж давхаргын хавхнаас гарч өндөр орлоготой орон болох зорилтоо удахгүй биелүүлэх амьдралд ганц тохиох боломж гэж харж байна” хэмээн Малайзын Пенанг мужийн захирагч Чоу Кон Иоу “Bloomberg”-т ярьжээ.
Вьетнамын ялалт
Ханой хотоос автомашинаар цаг явах зайтай, БНХАУ-тай шууд хиллэдэг Вьетнамын Бак Нэн муж худалдаа наймаа, хүмүүсийн зорчих урсгал татардаггүй газар болжээ. 2023 он хүртэл дөрөвхөн жилийн хугацаанд тус муж 37 мянган ажлын байр шинээр бий болгож, өндөр технологийн үйлдвэрлэлийн зангилаа цэг болон эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байна.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд тус мужид гадаад компаниуд 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тэдний дунд “Apple”, “Microsoft”, “Sony” зэрэг томчуудын гол гэрээт нийлүүлэгчид болох “Foxconn”, “GoerTek” компаниуд бий. Өөрөөр хэлбэл “Airpods” чихэвчээс эхлээд хэлхээний хавтан хүртэл нэн чухал бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг Вьетнамд авчирчээ.
“GoerTek” л гэхэд өдгөө 50 мянган хүнийг ажлын байраар хангах 51 га талбайтай үйлдвэрийн цогцолбор барьж байгаа аж. Хэдий тийм боловч тулгарах саадууд мэдээж бий. Өсөлтийг дагаад үл хөдлөх хөрөнгийн үнэ, эрчим хүчний эрэлт нэмэгдэхийн сацуу ур чадвартай мэргэжилтнүүдийн олдоц сорилт болж буй. Нэн чухал ажлын байруудын дийлэнхэд нь одоогоор гаднын мэргэжилтнүүд, ялангуяа хятад экспатуудыг ажиллуулж байгаа аж.
Бак Нэн дахь "Foxconn"-ийн үйлдвэр. Зургийг: Linh Pham/Bloomberg
Вьетнам улсын Засгийн газраас 2030 он гэхэд чипийн технологийн 50 мянган инженертэй болох зорилт тавьсан бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдахыг иргэддээ идэвхтэй уриалах болжээ. Мөн хөтөлбөрт хамрагдсан багш, суралцагчдад хөнгөлөлттэй орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг урамшуулал санал болгож байгаа аж.
Үүнээс гадна тус улсын Засгийн газар томоохон. компаниудад олон зуун саяын алдагдал учруулдаг цахилгааны тасалдлыг шийдэж, эрчим хүчний сүлжээгээ тогтворжуулахаар дорвитой арга хэмжээ авах болжээ. Нарны зайн хураагуур, усан цахилгаан станц, хог хаягдлаас эрчим хүч гарган авах станцын томоохон төслүүд тус улсад өдгөө хэрэгжиж буй.