
Зургийг: Rohan Thomson/Bloomberg
Залуу иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 16-аас доош насны хүүхдүүд сошиал сүлжээ ашиглахыг хориглохоор болсноо Австрали улсын Ерөнхий сайд Энтони Албаниз мэдээллээ. Мөн сошиал платформ ажиллуулдаг компаниудад шинэ зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг шаардаж, зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулахаар болсон байна.
"Сошиал сүлжээ хүүхэд багачуудад маань хор хохирол учруулж байна. Үүнийг дуусгавар болгох ёстой. Сошиал сүлжээний платформууд хүүхдийн ашиглалтыг хязгаарлахад бодитой алхмууд хэрэгжүүлж байгаагаа харуулж, гол хариуцлагыг өөрсдөдөө авах ёстой. Түүнээс биш эцэг эхчүүд, залуу иргэд хариуцлага үүрэх ёсгүй. Сошиал сүлжээ хэрэглэгчдэд ямар нэгэн торгууль шийтгэл оноохгүй" хэмээн Албаниз Канберра хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө дурджээ.
Сошиал сүлжээ ашиглалтад насны хязгаар тогтоох удаан хугацаанд яригдсан энэ шийдвэр нь Австралийн зүүн төвийн үзэлт Хөдөлмөрийн намын Засгийн газрын технологийн томоохон компаниудад хяналт шалгалтаа нэмэгдүүлэх багц арга хэмжээний нэг хэсэг юм. Ерөнхий сайд Албаниз худал, ташаа мэдээлэл даамжирч, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэмэгдэж буйд технологийн компаниудыг буруутгаж байгаа аж.
Австрали улс 2021 онд “Facebook”, “Google” компанийг мэдээ, мэдээллийн контент байршуулахдаа төлбөр төлдөг болгох санаачилга гаргасан, сүүлд Илон Маскийн “X” платформыг Сиднейд болсон террорист халдлагын бичлэгийг устгаагүй шалтгаанаар шүүхэд дуудсан гэх мэтээр сошиал сүлжээний компаниудын эсрэг Засгийн газрын түвшний томоохон арга хэмжээнүүд авч байв.