logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Буух нь өгсөхөөс хэцүү" - АНУ-ын Төв банкны бодлогын хүү өндөр хэвээр байх нь Монголд хэрхэн нөлөөлөх вэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 15 11:10
    436

    Зургийг: Win McNamee/Getty Images

    АНУ-ын суурь инфляц шинжээчдийн хүлээлтээс давж өссөнөөр Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж эхлэх магадлалтай хугацаа хойшилж байна

    Инфляц хүлээлтээс давж эрчимжсэн тайлан мэдээлэл гарснаар “Wall Street”-ийнхэн бодит байдалтай нүүр тулгарав. Ийнхүү АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж эхлэх магадлалтай хугацаа хойшилж, дэлхий даяар бонд болон хувьцааны зах зээлд уналт давамгайллаа.

    Донсолгоотой зам

    АНУ-ын суурь инфляц буюу хүнс, эрчим хүнсний үнийг хасаж тооцсон хэрэглээний үнэ нэгдүгээр сард 0.4 хувиар өссөн нь сүүлийн найман сард байгаагүй өндөр дүн болсны сацуу шинжээчдийн голч таамгаас давсан байна. Суурь инфляц ийнхүү 3.9 хувь болоход автомашины даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн салбар дахь үнийн өсөлт нийт өсөлтийн 2/3-ыг бүрдүүлсэн нь анхаарал татаж байна.

    Холбооны Нөөцийн банк инфляцыг зорилтот түвшин болох хоёр хувьд хүргэх зам нь нэлээн хэцүү, донсолгоотой байна гэдэгт эдийн засагчид удаан хугацаанд санаа зовнисоор ирсэн юм.  Хэдий тийм боловч инфляц өргөн хүрээгээрээ буурах чиглэлтэй, мөн нэгдүгээр сарын энэхүү үзүүлэлт нь Холбооны Нөөцийн банкны гол чухалчилдаг хэмжүүр болох хувийн зарцуулалтын индексэд нөлөөлөхгүй гэж үзэж буй эдийн засагчид бас олон байна.

    unnamed (1).jpg

    “Independent Advisor Alliance”-ийн шинжээч Крис Заккареллигийн хэлснээр “Дээрх өсөлт нь зөвхөн нэг сарын үзүүлэлт бөгөөд хэрэв дараа сард инфляц буурвал ердөө л “замын нэг овон товон” болж хувирах” аж. “Олон хөрөнгө оруулагч Төв банк бодлогын хүүгээ бууруулж эхлэх гэсээр хэр удаж байгаа талаар маргалдсаар байсан. Гэхдээ тэд инфляц тэсвэртэй байх, бас шулуун шугамаар буурахгүй байх боломжтой талаар анхаараагүй” хэмээн тэрбээр өгүүлжээ.

    Өсөлт баяртай

    АНУ-ын инфляцын шинэ тайлан өнгөрсөн оны 12 дугаар сард Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах дохио анх өгсний дараа эхэлсэн дэлхийн бондын зах зээлийн өсөлтийг бүрэн арчиж хаяв. “Bloomberg”-ийн дэлхийн бондын индекс он гарсаар 3.5 хувь буурсан нь 12 дугаар сарын 12-ноос хойших бүх өсөлтөө алдсан үзүүлэлт болжээ.

    Сүүлийн арилжаагаар АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж Азид 14 суурь нэгжээр өсөж, 4.31 хувь болсон бол Японы Засгийн газрын ижил хугацаатай бондын өгөөж дөрөв хүртэлх суурь нэгжээр мөн өссөн байна.

    unnamed (2).jpg

    Арилжаалагчдын хувьд одоогоор Холбооны Нөөцийн банк энэ онд гурван удаа бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлттэй байгаа юм. Хэдийгээр энэ нь тус банкны өөрсдийн төсөөлөлтэй нийцэж буй ч дөнгөж сарын өмнө бүр долоон удаа ч бууруулж магадгүй гэсэн хүлээлт своп зах зээлд байсан билээ.

    Үүний зэрэгцээ АНУ-ын эдийн засгийн өсөлт сайн, эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг дэмжихээр байгаа тул Засгийн газрын бондууд яг одоогоор хөрөнгө зөв сонголт болохгүй гэж “Pendal Group”-ийн шинжээч үзжээ.

    Монголд яарах шаардлагагүй

    Холбооны Нөөцийн банкны мөнгөний бодлого өндөр хэвээр байх нь Монгол зэрэг хөгжиж буй орнуудад капиталын гарах урсгалын дарамт нэмэгдүүлэх муу нөлөөтэй. Ялангуяа Монгол Улс уул уурхайн экспортоос ихээхэн хамааралтай учир гадаадын шууд хөрөнгө оруулалт маш тогтворгүй байх магадлал нэмэгдэх юм.

    Харин Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайн байгаа энэ үед Монголбанкны хувьд нийлүүлэлт унах гэх мэт томоохон зүйл болохгүй л бол бодлогын хүүгээ бууруулах гэж яарах шаардлага байхгүйг “Bloomberg Intelligence”-ийн Бодлогын хүүгийн Ахлах стратегич Стефен Чу ярилцлагадаа онцолж байв. Хэрэв Монголбанк Холбооны Нөөцийн банкнаас урьтаж бодлогын хүүгээ бууруулбал хоёр улсын мөнгөний бодлогын хүүгийн зөрүү тэлж, эргээд төгрөгт муугаар нөлөөлөх эрсдэлтэй аж.

    unnamed (4).jpg

    “Төв банкнаас хэрэгжүүлж буй инфляцыг онилсон бодлого энэ жилд ч хэвээр хадгалагдах төлөвтэй. Учир нь эдийн засаг өндөр өсөж байгаа ч нөгөө талд бизнесийн зээлийн өсөлт хангалттай бус, мөнгөний нийлүүлэлт маш их өсөлттэй, төсөв тэлэлттэй байгаа тул инфляцыг бууруулах зорилтдоо хүрэхийн тулд Монголбанк хатуу бодлого барихаас өөр аргагүй” хэмээн Эдийн засагч Ч.Дэлгэрсайхан “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих