logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Анхбаяр
    Томрох нь тодорхой юу? - Технологийн салбарт цахиур хагалж мэдэх дараагийн эрхмүүд
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 06 10:00
    1231

    Зургийг: Bloomberg

    Технологийн салбарт доорх нэрс тийм ч танил биш. Хэдий тийм боловч эдгээр эрхмүүд технологийн ирээдүйг тодорхойлоход таны төсөөлснөөс ч том үүрэг гүйцэтгэх магадлалтай.

    Саяхан болтол боломжгүй мэт байсан зүйлсийг хийдэг хиймэл оюуны стартапын үүсгэн байгуулагч, цахим худалдааны эринд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний конгломератыг босгож буй менежер ч тэдний дунд бий. Дараагийн аварга тренд юу байхыг хэн ч таамаглаж чадахгүй ч энэхүү жагсаалтад багтсан эрхмүүд түүнийг бүтээхэд оролцох боломж маш өндөр юм.

    Тушар Ахлувалиа нь “Amazon”-ийн агрегаторуудын “мини” зах зээлд гол тоглогч болон гарч ирсэн нэгэн юм. Агрегаторууд гэдэг нь цахим худалдааны брэндүүдийг худалдаж авч, нэгтгэх замаар өргөн хэрэглээний барааны конгломерат үүсгэх зорилготой компаниудыг хэлдэг. Цар тахлын үед цахим худалдаа хүчээ авснаар уг бизнес стратеги сонирхолд нэлээн өртөж, 100 гаруй компани нийт 16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чаджээ. Гэхдээ бодлогын хүү өсөж, цахим худалдааны өсөлт саарснаар тус зах зээлийн тэсрэлт намжсан байна.

    Хэдий тийм боловч “Razor Group”-ийг үүсгэн байгуулагч Тушар Ахлувалиа бууж өгөөгүй. Гуравдугаар сард “Razor Group” Бостонд төвтэй “Perch”-ийг худалдаж авсан нь түүний хувьд томоохон ялалт болжээ. Энэ нь компанийн дөрөв дэх худалдан авалт болохын зэрэгцээ өнөөг хүртэл хийсэн хамгийн том дүнтэй хэлцэл нь болсон байна. Өдгөө Тушар Ахлувалиа хэлцлийн өөр бай хайж, тус салбарын ирээдүйг шинээр тодорхойлохоор зорьж буй. Өнөөдөр хүртэл тэсэж үлдсэн “өчигдрийн” брэндүүдийг дуурайх нь ирээдүй биш, харин өрсөлдөгчдөөсөө өрсөж хэрэглэгчийн эрэлтийг шинэ бүтээгдэхүүнээр хангаж чаддаг шаламгай компаниудыг бүтээх нь ирээдүй болохыг тэрбээр хэлж байна.

    Дэлхийн хамгийн чинээлэг хүн Бернар Арногийн хувийн хөрөнгө оруулалтын фирмийн санхүүжилттэй "Razor" нь гэрийн тэжээвэр амьтны хэрэгсэл, тоглоом, нярайн бүтээгдэхүүн, спорт бараа зэрэг 40 мянга гаруй бүтээгдэхүүн борлуулдаг.

    Дэйв Фонтенот, Эмили Лиу нарын байгуулсан “стартапын байр” HF0 нь энтрепренеруудыг “амьдралынх нь хамгийн бүтээмжтэй 12 долоо хоногоор хангаж өгнө” гэж амладаг. Энгийнээр тайлбарлавал 10 өөр компанийн үүсгэн байгуулагчид Сан Францискогийн хуучны харш дахь зочид буудалд гурван сарын турш хамт амьдардаг аж. Тэд өдөрт гурван удаа зоог барихаар цуглаж, бусад үед нь компаниа томруулахаас өөр юу ч боддоггүй гэж болно. Энэхүү бизнесийн гол санаа гэвэл хүний оюун санаа, бие махбодын бүх хэрэгцээг арилгаж, зөвхөн анхаарлаа төвлөрүүлэх орон зай үлдээх явдал болохыг Дэйв Фонтенот хэлж байна.

    2020 онд анх эхэлсэн “HF0” буюу “Hacker Fellowship Zero” нь өдгөө найм дахь ээлжийн үйлчлүүлэгчдээ хүлээн авч буй бөгөөд төгсөгчдийн сүлжээ нь Сан Францискод хэдийн нэр хүндтэй болж, демо өдөрлөгт нь "топ" компаниудын хөрөнгө оруулагчид ирдэг болсон байна. Жилийн гурван хөтөлбөртэй бөгөөд одоогийн ээлжийнх нь 10 багийн дөрөвт нь нэг тэрбум ам.доллароос дээш үнэлгээтэй стартап үүсгэн байгуулсан эрхмүүд бий.

    “Y Combinator” зэрэг нэр хүндтэй хурдасгуур компаниудын нэгэн адил “HF0” тэдгээр стартапууддаа хувь эзэмшдэг. Одоогийн байдлаар тэр нь гурван хувь байгаа аж.

    Хиймэл оюуны чиглэлийн стартапууд борооны дараах мөөг шиг олширч буй энэ цаг үед хэдхэн үг бичээд дүрслэл сайтай видео бичлэгтэй болох боломжийг хүн бүрд санал болгодог программын тусламжтайгаар Дэми Гуо компаниа онцгойруулж байна. Тэрбээр “Pika” компанийг 2023 оны дөрөвдүгээр сард байгуулжээ. Стэнфордын их сургуульд суралцах хугацаандаа хийсэн ажлаас нь энэ бүхэн эхлэлтэй бөгөөд Дэми Гуо контент бүтээхэд хиймэл оюун ашиглах чиглэлд төвлөрч судалгаа хийсэн байна. Богино кино бүтээх гэж аргаа барсан үе ч түүнд бий аж. (Тэрбээр бичлэг хийж, тэр бичлэгээ анимейшн болгон хувиргах алгоритм бүтээсэн).

    Деми Гуо улмаар бизнестээ төвлөрөх зорилгоор Стэнфордыг орхиж, хамтрагч Ченлинг Мений хамтаар видео бүтээдэг анхны AI программыг өнгөрсөн онд гаргажээ. Энэхүү программыг ашигласнаар хэрэглэгчид түлхүүр үгнүүд оруулж, богино бичлэг үүсгэх боломжтой. Түлхүүр үгний оронд гэрэл зураг болон өөр бусад бичлэг ч ашиглах боломжтой аж.

    Одоогийн байдлаар текстээс видео бүтээх үйлчилгээ санал болгож буй цөөн хэдэн компанийн нэг нь “Pika” бөгөөд хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр нь “OpenAI” компанийн “Sora” тодорч мэдэхээр байна. Гэхдээ “Sora”-ийг хэзээ нэвтрүүлэх нь тодорхойгүй байгаа юм. “Pika”-ийн хувьд 55 сая ам.долларын санхүүжилт татаад буй.

    Нэгдүгээр сард “Amazon”-ийн логистикийн нүсэр хэлтсийн удирдлагыг хүлээн авсан 37 настай Удит Мадан нь маш ажилсаг, нарийн ширийн зүйлд хэт анхаардаг ясны инженер нэгэн юм. Түүний удирдлагад 1.1 сая ажилтан бий бөгөөд тэдний дийлэнх нь "Amazon" дээр зарагддаг барааг хадгалж, тээвэрлэлтэд гаргадаг агуулахын ажилтнууд. Энэ нь түүнийг зөвхөн компаниар тогтохгүй бүхэн бүтэн логистикийн салбарын хамгийн нөлөө бүхий удирдлагуудын нэг болгож байгаа юм.

    Энэтхэгт өсөж, АНУ-д ирээд Техасын их сургууль төгссөн тэрбээр 2008 онд анх “Amazon”-д нэгджээ. Компанийн агуулахын сүлжээг өргөтгөж, автоматжуулах нь түүний анхны ажил байлаа. Агуулахын ажил төлөвлөгөөндөө хэрхэн нийцэж байгааг зураглаж, бараа, бүтээгдэхүүн тээвэрлэхэд хэдэн автомашин шаардлагатайг тооцоолдог программын зохион бүтээгчийн патент Удит Маданы нэр дээр байдаг.

    2015 оноос тэрбээр захиалга худалдан авагчийн гэрийн үүдэнд хүргэгдэх үе шат буюу эцсийн хүргэлтийн хэсэгт төвлөрөн ажиллажээ. Тэрбээр гэрээт жолоочийн “Flex” программ хөгжүүлж, хүргэлтийн компаниудын сүлжээ бий болгох ажлыг удирдаж, “Amazon”-ийн “UPS”, “US Postal Service”-ээс хамааралтай байдлыг бууруулахад дэм болсон байна. “Amazon” компани “Rivian”-аас хүргэлтийн 100 мянган цахилгаан автомашин худалдан авах хэлцэл хийхэд Удит Маданы гарын үсэг захиалгын хуудас дээр нь байлаа.

    Эван Райзерын хувьд ажлын цахим шуудан дахь сонин жигтэй зүйлсийг илрүүлэхээр анх алгоритмд анхаарч эхэлснээс хойш таван жил гаруйн хугацаа өнгөрчээ. Цахим шуудан илгээгч гэнэт л яаралтай нэхэмжлэл явуулж, шавдуулаад байна уу? Шинэ хүмүүстэй холбогдож, эсвэл жирийн үед ашигладаггүй үг хэллэг анзаарагдаж байна уу? Эдгээрийн аль нь ч таныг хуурч хортой линк даруулах, мөнгийг буруу данс руу илгээх гэсэн оролдлогын илрэл байж мэднэ. Ийм оролдлогыг илрүүлсэн систем нь кибер аюулгүй байдлын хүчирхэг хэрэгслийн суурь болох боломжтой юм.

    Хакеруудын хувьд цэлийтэл нь нээсэн төв хаалга бол и-мэйл гэдгийг Эван Райзер сануулж байна.

    Тэрбээр дээр дурдсан шийдлийг санал болгохоор "Abnormal Security" компанийг 2018 онд хамтран үүсгэн байгуулжээ. Тус стартап харилцагчдадаа “гол хаалгаа” хамгаалахад нь тусалж, өнгөрсөн онд 100 сая гаруй ам.долларын тогтвортой орлого авчрах гэрээнүүдийг байгуулсан. (Компани одоо “Microsoft Teams”, “Slack” болон “Zoom” зэрэг “хажуу хаалга”-нуудыг ч хамгаалдаг болсон). “Abnormal”-ийн 2000 гаруй харилцагчийн дунд “Fortune 500” жагсаалтад багтдаг компаниуд ч бий бөгөөд хөрөнгө оруулагчдаас 300 сая ам.доллар татсан байна.

    Үүсгэн байгуулсан стартап нь компаниудын цахим шууданг найдвартай хамгаалдгаараа төдийгүй хүмүүсийг өөрсдөөс нь ч илүү ойлгодог AI платформ бүтээснээрээ танигдана гэдэгт итгэж байгаагаа Эван Райзер хэлж байлаа.

     

    Cэтгэгдэл бичих