Зургийг: Favre Leuba
Тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч Швейцарын “Favre Leuba” энэ оны эцсээр 3000-24,000 швейцар франкийн үнэтэй 26 шинэ загварын бугуйн цагаа танилцуулахаар төлөвлөж байна. Шинэ загваруудаа ирэх наймдугаар сард Женевт болох үзэсгэлэнгийн үеэр танилцуулах аж.
Үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод байсан “Favre Leuba” брэндийг “Tata” групп 2011 оны эцсээр худалдан авч, шинэ загварын цагаа БНЭУ болон бусад гаднын зах зээлд гаргасан ч дизайн болон маркетинг нь олны анхаарлыг төдийлөн татаж чадаагүй юм.
Тус компанийн ТУЗ-ийн дарга Патрик Пол Хоффман “Энэ онд гаргах загваруудаа АНУ, Канад, Карибын тэнгисийн орнуудад голлон гаргах бол Дундад Ази болон Азийн зарим нэг улсад, ялангуяа Японд борлуулалт хийхээр төлөвлөж байгаа” гэдгээ онцолж байна. Түүний хэлснээр “Favre Leuba” эхний жилдээ 4000 цаг үйлдвэрлэж, ирэх 10 жилийн хугацаанд жилд 100 мянга болгон нэмэгдүүлэх зорилттой байгаа аж.