
Зургийг: Fabrice Coffrini/Bloomberg
Түүхий эдийн арилжааны “Trafigura Group” компанийн Монгол дахь салбарын захирал байгууллагынхаа хөрөнгөөс 500 сая гаруй ам.долларыг нагац эгчийнхээ эзэмшдэг компанид зээлдүүлсэн болохыг “Reuters” мэдээлсэн байна.
“Trafigura”-ийн Монголд хүлээсэн тэрбум ам.долларын алдагдалтай холбоотой хяналт шалгалтын хүрээнд салбарын захирал Э.Жононбаярыг ажлаас нь чөлөөлөөд байгаа юм. Түүний нагац эгч Д.Эрдэнэтуулын эзэмшдэг гэгдэж буй “Lex Oil” ХХК “Trafigura”-ийн Монгол дахь гол харилцагч нь байсан аж.
Монголд байдаг салбарын ажилтнууд нь бичиг баримт засварлаж, хугацаа хэтэрсэн өрийг нуун дарагдуулсан ноцтой зөрчил гаргасныг Trafigura шалгалтаар илрүүлсэн тухай мэдээлэл өнгөрсөн оны аравдугаар сард гарч байв. Үүнээс шалтгаалан тус компани 1.1 тэрбум ам.долларын хохирол амсаж, мөн есдүгээр сараар эцэслэгдсэн санхүүгийн жилд цэвэр ашиг нь 62 хувиар буурсныг тайлагнаад байна.
Монголд олон жил үргэлжилсэн энэхүү луйврын шинжтэй хэргээс хүлээсэн хохирол нь "Биднийг газарт буулгасан үйл явдал байлаа" гэж “Trafigura”компанийн шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Ричард Холтум онцолжээ.