Зургийг: Josep Lago/AFP/Getty Images
АНУ, Япон болон Европт хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт 1980-аад оноос хойш бараг 50 хувиар саарчээ. Харин Монгол Улс бүтээмжээр төдийлөн ахиц гаргаагүй хэвээр байна. Өдөр, сараар бус цаг минутаар хөгжиж буй хиймэл оюуны технологи хүн төрөлхтөнд шинэ “супер хүч” өгч, хийж буй ажилдаа илүү өндөр үнэ цэн шингээх боломжийг нээх үү?
АЖИЛЛААД Л БАЙДАГ, ГЭХДЭЭ БҮТЭЭМЖ…
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ILO) 2022 оны статистик мэдээллээр монголчуудын долоо хоногт ажилладаг дундаж хугацаа 48 цаг байгаа нь дэлхийд эхний 10-т багтах үзүүлэлт боллоо. Харин тус байгууллагаас гаргадаг хөдөлмөрийн бүтээмжийн индексэд монголчуудын ажилласан нэг цагт ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 13.67 ам.доллар буюу Монгол Улс Намиби, Венесуэл, БНХАУ, Молдав, Палестин зэрэг улстай мөр зэрэгцэж, жагсаалтын дунд хэсэгт бичигдэж байна.
Монгол Улс ижил төстэй эдийн засагтай орнуудтай харьцуулахад хөдөлмөрийн бүтээмж харьцангуй доогуур үзүүлэлттэй байгаа нь эрдэс баялгийн салбарт хэт төвлөрснөөс, мөн ажиллах хүчний ур чадвар сул байгаагаас шалтгаалж буйг Дэлхийн банк өнгөрсөн оны судалгаандаа дурдаж байв.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмжийн ерөнхий түвшин буюу нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн III улиралд 6.4 сая төгрөг болж, цар тахлын өмнөх үеэс ес орчим хувиар нэмэгджээ. Харин салбараар нь харвал уул уурхайн салбарт бүтээж буй үнэ цэн ажиллагч тус бүрд бараг 18 сая төгрөг байхад хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарт энэ нь тав орчим сая төгрөгөөс хэтрэхгүй байна.
ХИЙМЭЛ ОЮУНААР ӨДӨӨГДӨХ ТЭСРЭЛТ
“McKinsey & Co”-ийн судлаачдын төсөөллөөр хиймэл оюун жил бүр дэлхийн эдийн засагт 4.4 их наяд ам.долларын үр ашиг шингээхээр байгаа нь 2022 оны дотоодын нийт бүтээгдэхүүний 4.4 хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Ажил эрхлэгч энгийн механик ажиллагааг хиймэл оюунд шилжүүлснээр илүү өндөр үнэ цэн бүхий ажилд төвлөрөх боломжтой болох нь дээрх өсөлтөд нөлөөлнө гэж үзжээ.
Генератив хиймэл оюун, их хэлний моделийн (LLM) хийж чадах шинэ зүйлийн тухай мэдээ бараг өдөр алгасалгүй гарч байгаа нь хиймэл оюуны учруулах эрсдэл, ялангуяа олон хүний ажлын байрыг булаах вий гэсэн болгоомжлолыг улам нэмж буй.
ГЭХДЭЭ ЮУ ГЭЭЧ…
"Хиймэл оюун нь ажилчдыг бүрэн орлохоос илүүтэй бүтээлч ажилд илүү их цаг зарцуулах, шинэ асуудлууд дээр ажиллах боломжийг нээнэ" хэмээн “Finance and Development” сэтгүүлд онцолсон байна. Өөрөөр хэлбэл яваандаа ажиллах хүчний өсөн нэмэгдэж буй хэсэг нь судлаач эрдэмтэд, шинийг санаачлагчидтай илүү төстэй болсны үр дүнд эдийн засаг бүтээмжийн өндөр түвшинд хүрнэ гэжээ.