
Зургийг: Bloomberg/Ahmed Ouoba/AFP via Getty Images
Гангийн үйлдвэрлэлийн нэн чухал орц болох манган энэ онд үнийн өсөлтөөрөө алт, зэс тэргүүтэй олон түүхий эдээс давжээ. Олборлолтын хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт ордог Хойд Австралийн “Groote Eylandt Mining”-ийн уурхай гуравдугаар сард хар салхинд өртөж, экспорт нь зогссон нь манганы үнийн огцом өсөлтийн шалтгаан болсон байна. Тус уурхайн нийлүүлэлт 2025 он хүртэл үргэлжлэхгүй байх төлөвтэй байгаа аж.
Энэ он гарсаар 44 хувийн агууламжтай манганы хүдрийн үнэ бараг хоёр дахин өссөн нь зэсийн 15 хувь, алтны 12 хувь, цагаан тугалганы 30 хувийн өсөлтөөс ч давах үзүүлэлт аж.
Дашрамд дурдахад, Миннеаполисийн Холбооны Нөөцийн банкны Ерөнхийлөгч Нил Кашкаригийн эдийн засгийн өсөлтийн талаар хийсэн мэдэгдэл болон хайлуулах үйлдвэрүүдэд дарамт учруулж байгаа уурхайн нийлүүлэлтийн тасалдал зэргээс үүдэж зэсийн үнэ өслөө.
Лондоны Металлын биржид зэсийн үнэ 0.7 хувиар өсөж, тонн нь 9858 ам.доллар хүрээд байна. Нийлүүлэлтийн хомсдол үүсэж магадгүй гэсэн таамаглалын нөлөөгөөр өнгөрсөн сард зэсийн үнэ дээд түвшинд хүрээд байсан юм. Үүнээс хойш үнэ нь буурсан ч ирэх жилүүдэд хомсдол үүсэж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Зэс олборлолтоор тэргүүлэгч компаниуд урт хугацаанд зэсийн үнэ нэмэгдэх хүлээлттэй холбоотой үйлдвэрлэлээ нэмэхээр зорьж байгаа аж.
Үүнээс гадна АНУ-ын макро эдийн засгийн үзүүлэлтүүд гарсны дараа алтны үнэ унц нь 2360 ам.доллар болж өслөө. Алтны үнэ энэ он гарсаар 13.6 хувиар өсөөд байна.