
Money Sharma/AFP/Getty Images
Бээжин зэрэг аж үйлдвэр хөгжсөн томоохон хотуудад жил бүр зайлшгүй мэт болоод байсан өвлийн бохирдолтой агаарыг цэвэршүүлэх ажилд БНХАУ бодит дэвшил гаргажээ. Харин БНЭУ-ын хойд хэсгийн ихэнх нутгууд бохир агаар дунд байсаар байна. Хүйтний улиралд агаарын хэм хүйтэрч, салхигүй тогтуун болж, тариаланчид тариан талбай дахь өнжмөл өвсийг шатаах үед тус улсын агаарын бохирдол дээд түвшинд хүрдэг аж.
Дэлхийн хамгийн их бохирдолтой 50 хотын 39 нь Энэтхэг улсад байна
11 дүгээр сарын еснийг хүртэлх 30 хоногт Шинэ Делид PM2.5 хорт тоосонцрын түвшин Бээжингээс 14 дахин өндөр байгааг агаарын чанар шалгадаг IQAir харуулж байна. Түүнчлэн тус хоёр улсын нийслэлээс гаднах нөхцөл байдал бүр ч аймшигтай байна. Өнгөрсөн оны дэлхийн хамгийн их бохирдолтой 100 хотын 65 нь Энэтхэгийнх байсан бол БНХАУ-ын 16 хот “IQAir”-аас гаргасан жагсаалтад багтжээ.
Өмнө нь БНХАУ дээрх жагсаалтыг тэргүүлсээр байсан юм. 2017 онд жагсаалтын 3/4-т нь БНХАУ-ын хотууд орж байсан бол Энэтхэгээс 17 хот бичигдэж байв.
БНЭУ дэлхийн хэмжээний болон дотоодын цаг уур, байгаль орчны зорилт, төлөвлөгөөндөө агаарын бохирдлын хямралаа огт оруулаагүй байгаа нь илэрхий. Түүнчлэн энэ асуудал тус улсад удахгүй болох Парламентын сонгуулиар яригдах гол сэдвүүдийн жагсаалтын сүүлд орж байна. Ихэнх ажиглагчид энэ удаагийн сонгуульд Нарендра Модиг гурав дахь удаагаа сонгогдоно гэж таамаглаж буй.
Дэлхийд хүн амаараа тэргүүлдэг Энэтхэгийг нөмөрсөн агаарын бохирдол 1.4 тэрбум иргэдийнх нь эрүүл мэндийн асуудал болсон төдийгүй эдийн засагт нь ч мөн адил нөлөөлж байна. Одоогоор тус улсын эдийн засаг өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлж буй. Зургаадугаар сард нийтлэгдсэн Дэлхийн банкны тайлан БНЭУ-ын тоосонцрын бохирдлын жил тутмын өсөлт нь ажиллах хүчний бүтээмж болон капиталыг бууруулдаг учраас тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлтөөс 0.56 хувийг хороодог болохыг тооцоолжээ.
“Цэвэр агаар сан”-ын 2021 оны тайлангаас харахад Энэтхэг улсын агаарын бохирдол нарны хавтанд очих нарны цацрагийн хэмжээг бууруулж, цахилгаан сүлжээнд муугаар нөлөөлж, бас тариалангийн ургацын хэмжээг багасгах зэргээр маш олон бизнесийн хүчин зүйлсийн бүтээмжийг бууруулдаг байна.
Делид төвтэй “Эрчим хүч, Байгаль орчин, Усны зөвлөл”-ийн судлаач бөгөөд судалгааны зохицуулалтын захирал Картхик Ганесан “Орчин цагийн Энэтхэгийн өнөөдрийн хамгийн том бэрхшээл бол агаарын бохирдол” гэсэн юм. Тэрбээр мөн “Энэ асуудал хүн амын бүтцэд ч муугаар нөлөөлж байна. Учир нь би 50, 60-аад настай, сэтгэлээр унасан хүн бүрийг асрах хэрэгтэй болж байна” гэжээ.
БНХАУ-ын томоохон хотууд 10 жилийн өмнө мөн адил хурдтай өсөлт болон тээврийн хэрэгсэл, хүнд үйлдвэрлэл болон нүүрсээр галладаг цахилгаан станцаас үүдсэн хүлэмжийн хийн ялгарлын уршгаар хямралын түвшний агаарын бохирдолтой байлаа. Тус улсын нийслэлийн агаарын бохирдлын түвшнийг мэдээлдэг цөөн хэдэн найдвартай эх сурвалжийн нэг болох БНХАУ дахь АНУ-ын Элчин сайдын яам хямрал ямар түвшинд байгааг тогтмол мэдээлдэг байсан учраас энэ асуудал олон улсын анхаарлыг татсан юм. Түүнчлэн үүнээс үүдэн улс орон даяар агаарын бохирдлын эсрэг жагсаал зохион байгуулагдаж байв.
БНХАУ эхэндээ иргэдийнхээ эсэргүүцлийг дарах хариу арга хэмжээ авч, гадаадын Дипломат төлөөлөгчдийн газруудыг агаарын бохирдолтой холбоотой мэдээлэл цацахаа зогсоохыг шаардаж байв. Харин тус улсын агаарын бохирдлын түвшин шинэ дээд түвшинд хүрсээр байсан учраас БНХАУ-ын Засгийн газар эцэст нь асуудлыг нухацтай хүлээн авсан юм. Ингээд 2014 онд Ерөнхийлөгч Ши Жиньпин агаарын бохирдлыг Бээжинд тулгамдаж буй “хамгийн чухал асуудал” болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус улсын Засгийн газар "Агаарын бохирдлыг бууруулах 270 тэрбум ам.долларын төсөвтэй үндэсний төлөвлөгөө" боловсруулжээ.
Чикагогийн их сургуулийн Эрчим хүчний бодлогын институтийн мэдээлж байгаагаар түүнээс хойших жилүүдэд БНХАУ Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг хотын автомашины тоог хязгаарлаж, мөн хүлэмжийн хийн ялгаруулалт өндөртэй төмөр, гангийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг бууруулж, зарим орон нутагт нүүрсээр галладаг шинэ цахилгаан станцын төслүүдийг хориглосон байна.
Тус институтийн мэдээлснээр БНХАУ-ын агаарын бохирдол 2013-2021 онд 42.3 хувиар буурчээ. Мөн энэ хугацаанд дэлхийн агаарын бохирдлын түвшин яльгүй хэмжээнд багассаны цор ганц шалтгаан нь БНХАУ-ын энэхүү хүчин чармайлт аж.