logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    ДЭЗФ: Ойрын 2 жилд хуурамч, ташаа мэдээлэл олон улсын хэмжээнд хамгийн их эрсдэл дагуулахаар байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 11 12:00
    627

    Зургийг: Stefan Wermuth/Bloomberg

    Дэлхийн эдийн засгийн чуулганаас олон улсын хэмжээнд дараагийн 2-10 жилд тохиож болох эрсдэлийн судалгааг танилцууллаа

    Дэлхийн эдийн засгийн чуулганаас танилцуулсан эрсдэлийн судалгаанаас харахад эн тэргүүнд ирэх хоёр жилийн хугацаанд хуурамч, ташаа мэдээлэл олон улсын хэмжээнд хамгийн их эрсдэл дагуулахаар байгаа аж. Харин урт хугацаанд буюу 10 жилд хамгийн их эрсдэл дагуулах асуудлуудыг цаг агаарын эрс тэс үзэгдэл болон дэлхийн систем дэх чухал өөрчлөлт тэргүүлжээ.   

    Энэ оны хувьд хиймэл оюун ухаанд суурилсан хуурамч, ташаа мэдээлэл болон нийгмийн туйлшрал өсөн нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулсан байна. Үүнд 2024 онд олон улсын хэмжээнд томоохон сонгуулиуд болохоор хүлээгдэж байгаа нь нөлөөлнө гэж үзжээ.  

    2024 онд 40 улсад сонгууль болох ба Монгол Улсын хувьд анх удаа 126 хууль тогтоогч сонгохоор байгаа нь анхаарал татаж буй.

    Үүнээс гадна энэ оны хоёрдугаар хагасаас АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ үе шаттай бууруулж, инфляцын дарамт буурах хүлээлт зах зээлд давамгайлж байна. Хэдий тийм боловч эрсдэлийн судалгааны долоодугаарт инфляц бичигджээ.

    Монгол Улсын хувьд инфляц бага зэрэг буурч, эдийн засгийн бодит өсөлт үргэлжилсээр байгаа нь бизнесийн орчин тогтвортой байхад нөлөөлнө гэж  “Fitch Ratings” агентлаг таамаглаж байна.

    Хэдий тийм боловч гадаад “шок”-т эмзэг байдал нь гол эрсдэлүүдийн нэгт тооцогдсон хэвээр байхыг онцолж байлаа.

    Үүнээс гадна урт хугацаанд  өнгөрсөн онтой харьцуулахад цаг агаарын эрс тэс үзэгдэл хоёр байраар урагшилж, жагсаалтын эхэнд бичигджээ.

    unnamed.png

    2023 онд НҮБ-аас танилцуулсан судалгаагаар цаг агаарын эрс тэс үзэгдлээс үүдсэн хохирол зардалд олон улсын хэмжээнд жилд дунджаар 143 тэрбум ам.доллар зарцуулж байгааг танилцуулсан юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотойг тодотгож байв.

    Мөн агаарын бохирдлын асуудал ирэх 10 жилийн хугацаанд “Топ 10” эрсдэлийн нэгээр нэрлэгдсэн байна.

    Монгол Улсын хэтийн хамгийн том эрсдэлүүдийн нэгт агаарын бохирдол тооцогдож байгааг НҮБ-ын Хүүхдийн сан 2023 оны судалгаандаа онцолж байсан юм. Өдгөө Монгол Улсад жилд 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас бардгийн 240 нь тав хүртэлх насны хүүхэд бөгөөд хүүхдийн өвчлөлд амьсгалын тогтолцооны өвчин үнэмлэхүй жин дарж байгааг  НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлж байв.

    Cэтгэгдэл бичих