
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Өнгөрсөн онд түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын коксжих нүүрсний экспорт 2025 оныг базаахгүй эхлүүлж, I-II сард нүүрсний борлуулалт өмнөх оноосоо 42 гаруй хувиар унаад байна. Эрэлт, үнийн хүнд мөчлөг энэ зах зээлийг нөмөрсөн ч ирэх 3-5 жилд БНХАУ-д гаргах Монголын коксжих нүүрсний экспорт өндөр түвшинд хэвээр хадгалагдана гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид үзжээ.
Үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас шалтгаалан нийлүүлэлт нь илүүдэж, алдагдалтай ажиллах болсон гангийн үйлдвэрүүдийнхээ ашигт ажиллагааг сэргээхийн тулд БНХАУ-ын эрх баригчид ямар дэмжлэгийн арга хэмжээнүүд хэрэгжүүлэх нь анхаарал татаж буй. Засгийн газрын мөчлөг сөрсөн дэмжлэгийн арга хэмжээ 2025 онд нүүрс, төмрийн хүдрийн эрэлт өсөхөд нөлөөлөх боломжтойг “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Келвин Нг, Эндрю Чан нар шинэ судалгаандаа бичсэн байна.
Гэхдээ үүнээс болж ган үйлдвэрлэгчдийн ашгийн маржин хумигдаж магадгүй ч Австралийг бодвол хямд үнэтэй Монголын нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлж нөхөх боломжтойг онцолжээ. БНХАУ Австралийн нүүрсэнд тавьсан хоригоо цуцлаад нэлээн удсан ч худалдан авалт нь сул хэвээр байгаа юм. Харин Монгол талаас төмөр замын хил холболт зэрэг дэд бүтцээ сайжруулж, нүүрсний салбарын үр ашгийг оновчлох алхмууд авч байгааг шинжээчид тэмдэглэжээ.