
Chris J. Ratcliffe/Bloomberg
ИБУИНХУ-ын гадаад хэргийн сайд Дэвид Камерон 2024 оны дөрөвдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийх гэж байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай улсуудын нэг болох Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалыг 2010-2016 оны хооронд хашиж, “Брексит”-ийн санал хураалтыг анх эхлүүлж байсан дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн нэг тэрбээр ийнхүү барууны удирдагчдын Монголд хийж буй айлчлалын буухиаг үргэлжлүүлж байна.
Д.Камерон Төв Азийн 5 орон+Монгол гэсэн хуваарьтай тойрон айлчлал хийж байгаа бөгөөд тус айлчлалын талаараа нийтлэл бичжээ. Тус нийтлэлээс эдийн засагтай холбоотой зарим гол мессежүүдийг тоймлон хүргэе.
-Бидний хамтын ажиллагаа ихээхэн ололт амжилттай байна. Астанагийн олон улсын санхүүгийн төв, Ташкент дахь Вестминстерийн Олон улсын Их сургууль зэрэг амжилттай яваа байгууллагуудын гол цөм нь Англи хэл, хууль, боловсрол юм. Рио Тинто, Шелл, BAE зэрэг компаниуд томоохон төслүүдэд хөрөнгө оруулж ажлын байр бий болгож, эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна.
-Бид Төв Азийн уулархаг нутгаас Пакистан хүртэл усан цахилгаан эрчим хүчний станц барихад тусалж байна.
-Air Astana, Uzbekistan Airways, Turkemenistan Airlines компаниуд долоо хоног бүр Лондон руу хэд хэдэн нислэг үйлдэж байна.
-Бид зөрчилдөөнтэй, тодорхой бус ертөнцөд амьдарч байна. Энэ цаг үе уг бүс нутагт онцгой сорилтуудыг бий болгож байна. Сүүлийн жилүүдэд хуурай уур амьсгалтай Казахстан, Монголд болсон хүчтэй үерийн дүр зураг уур амьсгалын өөрчлөлтийн аюул улам бүр нэмэгдэж байгааг сануулж байна.
-Та бүхний нэгэн адил Их Британи өнөөгийн зөрчилдөөнтэй, тодорхой бус ертөнцөд олон улсын түншлэлээ нэмэгдүүлэхийн үнэ цэнийг улам ойлгож байна. Иймээс би энэ айлчлалыг хийж байгаа бөгөөд хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа гурав дахин нэмэгдүүлж байна.
-Олон улсын дэг журам. Тусгаар тогтнол. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал. Бид дэлхий даяар эдгээр зарчмуудыг хамгаалахын тулд хамтран ажиллах ёстой. Эс бөгөөс бидний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал аюулд орох эрсдэлтэй.
-Бидний хамтдаа хийж чадах зүйлсийн нэгэн бодит жишээ бол авлигатай тэмцэх хийгээд энэ бүс нутаг бол хориг арга хэмжээг тойрч гарах арын хаалга биш гэдгийг бататгах юм.
-Их Британи улс нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг, эрчим хүчинд хэмнэлттэй, эдийн засагт ашигтай хөрөнгө оруулалт, технологийг санал болгож байна. Айлчлалын үеэр би Төв Азийн анхны жижиг дунд үйлдвэрийн хувийн хөрөнгө буюу венчур капиталын санг байгуулах бөгөөд тус сан нь тухайн бүс нутгийн ирээдүйтэй компаниудад хөрөнгө оруулах юм.
-Астанагийн Олон улсын Санхүүгийн Төвийн жишээг авч үзье. Английн хараат бус шүүгчтэй олон улсын нийтлэг эрх зүйн шүүхийг нэвтрүүлснээр хэдхэн жилийн дотор мянга гаруй бизнес эрхлэгчдийг татаж, хоёр мянга гаруй маргааныг амжилттай шийдвэрлэсэн. Нээлттэй байдал, хууль ёсыг дээдлэх нь хөрөнгө оруулалтыг татдаг. Энэ загварчлалыг бүс нутаг дахь бусад улсууд сонирхож байгаад баяртай байна.
-Энэ бүс нутгаас Чевнинг тэтгэлгээр сурах оюутны тоог хоёр дахин нэмэгдүүлж байгаа тул залуус дэлхийн шилдэг их сургуулиудад сурах боломжтой болж байна. Англи хэлийг албан ёсны хоёр дахь хэлээ болгон зарласан Монгол Улсад Английн "Pearson" компани болон Кембриджийн Боловсролын компани зэрэг нь Англи хэлийг заах стандартыг дээшлүүлж байна.
Эх сурвалж: ИБУИНХУ-ын ЭСЯ