
Зургийг: Eva Marie Uzcategui/Bloomberg
АНУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн дийлэнх нь гарч, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгууллаа. Сонгуулийн үр дүнд ихээхэн нөлөөлдөг, өрсөлдөөн ихтэй мужуудын саналыг өөртөө эргүүлж чадсанаар ийнхүү Дональд Трамп дэлхийн хамгийн том эдийн засагтай улсын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байна.
Түүхэн эргэн ирэлт
Пеннсилвани, Жоржиа, Хойд Каролина зэрэг ширүүн өрсөлдөөнтэй мужуудад олонхын санал авснаар Дональд Трамп Цагаан ордонд хоёр дахь удаагаа очих мандатаа халаасалсан гэхэд болно. Зарим мужуудын санал бүрэн тоологдож дуусаагүй байгаа ч Дональд Трампын авсан “Electoral College” буюу төлөөллийн саналын тоо ялалт байгуулахад шаардлагатай 270-ын босгыг давж, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисыг илүүрхэв.
Үүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдсан АНУ-ын Сенатын танхимын сонгуульд Бүгд Найрамдах нам 51 суудлын босгыг даван ялалт байгуулж, олонх боллоо.
Хууль шүүхийн асуудалд орооцолдож, гэм буруутай нь тогтоогдож, амь насанд нь халдах хоёр ч удаагийн халдлагыг давж гарсан Дональд Трампын хувьд энэхүү ялалт түүхэнд бичигдэхээр улс төрийн эргэн ирэлт байлаа. Тэрбээр ялалтаа тэмдэглэж хэлсэн үгэндээ АНУ-ыг “анагаах” шаардлага гарсныг тодотгож, улсынхаа иргэн бүрийн ирээдүйн төлөө тэмцэхээ амлав.
Түүнчлэн дэлхийн удирдагчид Дональд Трампын ялалтад шил дараалан баяр хүргэцгээв. Европын Холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тэргүүтэй удирдагчид түүнтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлцгээсэн бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Хамтын хүчээр энх тайвныг цогцлоох”-ыг уриалсан юм.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон бай АНУ-Монгол Улсын харилцаа тогтвортой хадгалагдана гэдгийг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган бидэнд ярилцлага өгөхдөө хэлж байв.
Зах зээлийн хариу үйлдэл
Дональд Трампын хоёр дахь засаглалын үед хэрэгжих төлөвтэй татвар, худалдааны тариф, зохицуулалтын бодлогын эрс өөрчлөлтүүд тус улсын эдийн засгийн өсөлт, компаниудын ашгийг дэмжихийн хажуугаар инфляцыг өдөөнө гэж хөрөнгө оруулагчид үзэж буй нь сонгуулийн дүн гарах үеийн зах зээлийн хөдөлгөөнөөс тодорхой харагдлаа. АНУ-ын хувьцаанууд цойлж, “S&P” фьючерс индекс 2.3 хувиар өсөж, ам.долларын ханш голлох валютуудын эсрэг 2022 оноос хойших дээд түвшинд хүрч чангарч, Засгийн газрын бондуудын өгөөж бараг 20 суурь нэгжээр өсөж, “Bitcoin”-ийн ханш түүхэн дээд цэгтээ хүрэв.
Сонгуулийн хүлээлт Дональд Трамп руу хэвийж эхлэхтэй зэрэгцэн “Bitcoin”-ийн ханш ес хүртэлх хувиар өсөж 75,372 ам.доллар хүрсэн нь тэрбээр сурталчилгааны ажлынхаа үеэр виртуал хөрөнгийг дэмжихээ илэрхийлсэнтэй холбоотой аж.
Мөн уул уурхай, уламжлалт эрчим хүчний компаниуд, банкнууд, бага үнэлгээтэй компаниудын хувьцаа өссөн бол сэргээгдэх эрчим хүчний компаниудын хувьцааны ханш унав.
Түүнчлэн Дональд Трампын гол дэмжигчдийн нэг Илон Маскийн “Tesla” компанийн хувьцааны ханш 3.5 хүртэлх хувиар өслөө.
Валютын зах зээлийг харвал ам.долларын эсрэг Мексикийн песогийн ханш сүүлийн гурван сарын, Хятадын юанийн ханш хоёр жилийн доод түвшиндээ хүрч сулраад байна.
“Ерөнхийлөгч Дональд Трамп нэр дэвшигч Трампаас хэр ялгаатай байх нь гол эрсдэл. Зах зээлүүд бүх цаг үеийн дээд цэгтээ хүрсэн байгаа энэ үед бид болгоомжтой хандах ёстой. Дональд Трампын хөтөлбөр зарим салбаруудад томоохон доголдол үүсгэх боломжтой. Хүлээх л үлдлээ” хэмээн “Pictet Asset Management”-ийн Ахлах стратегич Лука Паолини онцоллоо.