Зургийг: С.Батсайхан
Монголбанк эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нараас бүрдсэн 20 судлаачийн дунд 2024 оны II улирлаас 2025 оны I улирал хүртэлх макро эдийн засгийн төсөөллийн судалгаа явуулж, үр дүнг нь танилцууллаа.
Инфляц, өсөлт талаасаа
Сүүлийн гурван жил гаруйн доод түвшинд хүрээд буй инфляц сонгууль угтсан мөнгө тараалт, төсвийн зарцуулалтын нэмэгдлийн нөлөөгөөр энэ оны эцсээр эргэн эрчимжих төлөвтэйг Төв банк ч, олон улсын байгууллагууд ч анхааруулж байв. Тавдугаар сард Улаанбаатарт 5.6 хувьтай гарсан инфляц II улирлын эцэст 6.8 хувь, ирэх оны эхний улиралд 7.6 хувь хүрч өснө гэж Монголбанкны судалгаанд оролцсон шинжээчид үзжээ.
Олон улсын байгууллагуудын төсөөлөлтэй харьцуулбал “Fitch Ratings” Монгол Улсын инфляц 2024 оны эцэст найм орчим хувьд тогтворжино гэж үзсэн бол Азийн Хөгжлийн Банк энэ онд долоон хувь, ирэх онд 6.8 хувь болж саарна гэж таамаглажээ.
Харин бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн таамаглалыг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалтай харьцуулахад өсөх хандлага ажиглагдаж байна. Оны эхний улиралд 7.8 хувиар өссөн дотоодын нийт бүтээгдэхүүн шинжээчдийн төсөөллөөр II улиралд 7.0 хувь, 2025 оны I улиралд 6.6 хувь болж саарахаар байна. Уул уурхайн экспортын сайн үзүүлэлт, төсвийн тэлэлт эдийн засгийн өсөлтөд ойрын хугацаандаа дэм болох төлөвтэй ч түүхий эдийн экспортын үнийн дүнд бус биет хэмжээнд тулгуурлан эерэг төсөөлөл гаргаж, төсвийн зарцуулалтаа нэмэгдүүлэх нь эрсдэлтэйг эдийн засагчид сануулж буй.
Зээлийн хүү талаасаа
Хөгжиж буй орнуудын мөнгөний бодлогын “жишиг” болдог АНУ-ын Холбооны Нөөцийн банк энэ он дуустал бодлогын хүүгээ бууруулах гэж яарахгүй нь тодорхой болсон ч Монголбанк он гарсаар хоёр ч удаа бодлогын хүүгээ бууруулаад байна. Инфляц зорилтот түвшинд саарч, төгрөгийн ханш ам.долларын эсрэг тогтвортой байгаагаас гадна бизнесийн зээлийн идэвхжүүлж, өсөлтийг дэмжих шаардлага бий тул хүүгээ бууруулснаа Монголбанк тайлбарлаж байв.
Судалгаанд оролцсон шинжээчдийн дийлэнх нь бодлогын хүү II улиралд болон ирэх оны эхний улиралд одоогийн 11 хувийн түвшинд хэвээр хадгалагдана гэсэн хүлээлттэй байна. Өмнөх улирлын судалгаагаар тэд II улирлын бодлогын хүүг 12.6 хувь байна гэж таамаглаж байжээ.
Бодлогын хүүгийн өндөр түвшний нөлөөлөл өнгөрсөн хугацаанд бизнесийн зээл олголтод голлон илэрч, харин хэрэглээний зээл тасралтгүй өссөөр байсныг статистик харуулж буй. Шинжээчдийн төсөөллийг харвал II улиралд зээлийн жигнэсэн дундаж хүү өөрчлөлтгүй буюу 16.6-17.0 хувийн түвшинд байх таамаглал давамгайлжээ. Харин 2025 оны эхний улиралд 0.3 орчим нэгж хувиар яльгүй буурах төлөвтэй аж.
2020 онд УИХ-аас баталсан Зээлийн хүү бууруулах стратегид 2023 онд зээлийн хүүг сарын нэг хувьд буюу жилийн 12 хувьд хүргэх зорилтыг тусгасан юм. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар зээлийн дундаж хүү 16.7 хувьтай гарсан нь стратегийн хэрэгжилт нэлээд хангалтгүй байсныг харуулж байна. Хадгаламж, зээлийн хүү өндөр хэвээр хадгалагдахад төсвийн хэт тэлэлт, түүнийг дагасан төсвийн алдагдал нөлөөлж буйг Монголын банкны холбоо онцолж байлаа.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com