
Зургийг: Brent Lewin/Bloomberg
2023 онд Монгол Улс 15.1 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг олон улсад нийлүүлснээс 8.7 тэрбум буюу 57.7 хувийг нь чулуун нүүрсний экспорт дангаараа бүрдүүлснийг Гаалийн ерөнхий газрын тайлангаас харж болохоор байна. Экспортолсон нүүрсний биет хэмжээ 2022 оныхоос хоёр дахин өсөж, түүхэн дээд түвшин буюу 66.7 сая тонн хүрсэн ч хилийн дундаж үнэ нь 73.6 ам.доллароор буурчээ.
“Mongolia Energy Corporation”
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд гол олборлолтоо явуулдаг “Mongolia Energy Corporation”-ийн хувьцааны ханш сүүлийн таван өдөр дараалан өсөж, 250 өдрийн дундаж ханшаа сэтэлжээ. Энэ хугацаанд хувьцааны ханш нь 96 хувиар өсөж, хагас жилийн дээд цэгтээ хүрсэн байна.
Тус компанийн борлуулалтын орлого 2023 оны есдүгээр сараар эцэслэсэн зургаан сарын хугацаанд өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар буурч, 1.56 тэрбум хонгконг доллар болсон нь коксжих нүүрсний үнэ унасантай холбоотой болохыг өмнөх тайландаа дурдаж байв.
“SouthGobi Resources”
Цар тахлын хязгаарлалт суларснаас хойш экспорт нь эрчимтэй сэргэж буй “SouthGobi Resources”-ийн хувьцааны ханш он гарсаар 60 гаруй хувиар, сүүлийн гурван сард бараг 400 хувиар эрс өсөөд байна. 2023 оны есдүгээр сараар эцэслэсэн улиралд 46.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оны мөн үеэс 13 дахин өсгөснөө тайлагнасан нь “SouthGobi Resources” компанийн хувьцаа оны эцсээр “пуужиндахад” түлхэц болсон юм.
“Mongolian Mining Corporation”
Жилийн экспортын өсөлтийн хувь нь гурван оронтой тоонд хадгалагдаж байгаа ээлжит компани болох “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш он гарсаар 2.5 хувь, сүүлийн нэг сарын хугацаанд 68 орчим хувийн өсөлттэй байна. Зээлжих зэрэглэл, бондын санхүүжилттэй нь холбоотой эерэг мэдээлэл тасраагүй 2023 онд тус компанийн хувьцааны ханш 270 гаруй хувийн өсөлттэй байсан бол Хонгконгийн “Hang Seng Index” энэ хугацаанд 14 хувиар унажээ.
Тааварлашгүй жил хүлээж байна
2024 онд БНХАУ 100 сая гаруй тонн коксжих нүүрс импортлохоос 55-60 сая тонныг Монгол Улсаас авах төлөвтэй гэж “Монгол нүүрс ассоциаци” тооцоолж буй. БНХАУ-тай худалдааны гүнзгий харилцаатай улс орнуудад тус улсын эдийн засгийн удаашрал сөрөг нөлөөлөл дагуулна гэж Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн төлөвийн шинэ тайландаа онцолжээ.
Иймд Монгол, Индонез, Мьянмар зэрэг бүс нутгийн түүхий эд экспортлогч орнууд эрэлт болон үнэ буурах эрсдэлтэй тулгарч болзошгүйг анхааруулсан байна. Мөн БНХАУ энэ оны нэгдүгээр сарын нэгнээс нүүрсний импортод ногдуулах татвараа сэргээсэн нь ОХУ болон Монгол Улсад экспортын зардал нэмэгдэх сорилт болж магадгүйг “SXCoal” мэдээлж байсан юм.