
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Монгол Улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт тэргүүлэгч “RE/MAX Mongolia” жилийн тайлангаа танилцууллаа. “RE/MAX Mongolia” нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй нийт агентуудын 85 хувийг ажиллуулж, 15 минут тутамд нэг үл хөдлөх хөрөнгө худалддаг ажээ.
Онцгойрсон жил
2023 онд “RE/MAX Mongolia”-ийн хийсэн борлуулалт анх удаа их наяд төгрөгийн босго давж байсан бол 2024 оны эцсийн дүнгээр 1.5 их наяд төгрөг хүрч, 37 хувиар өссөн байна. Мөн 52.7 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлоготой ажилласан нь өмнөх оныхоосоо 55.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Тайлант хугацаанд “RE/MAX Mongolia” нийт 12 мянга 280 үл хөдлөх хөрөнгө борлуулснаас 57.2 хувийг нь худалдаа, 42.8 хувийг нь түрээс эзэлж байна. 2024 оны IV улирлын байдлаар “RE/MAX Mongolia”-ийн борлуулсан орон сууцны м.кв талбайн дундаж үнэ 3.4 сая төгрөг байсан нь жилийн дүнгээр 6.7 хувиар өссөн дүн боллоо.
Байршлаар харвал Сүхбаатар, Баянгол болон Сонгинохайрхан дүүрэгт үнийн өсөлт хамгийн эрчимтэй байж, 11-16 хувийн өсөлт үзүүлсэн байна. Харин “Хүннү 2222”, “Global Town”, “Цэнгэлдэх хотхон”, “Олимп хотхон” зэрэг Хан-Уул дүүрэгт байршилтай хотхонуудын үнэ өнгөрсөн онд 20-иос дээш хувиар өсөж, тэргүүлжээ.
83 брокер оффис, 1300 орчим агенттайгаар үйл ажиллагаа явуулж буй тус компани өнгөрсөн онд агентуудынхаа ур чадварыг сайжруулахад төвлөрч, нэг агентад ногдох бүтээмж, ашигт ажиллагааг сайжруулах зорилготой ажилласнаа онцолж байлаа. “RE/MAX Mongolia”-ийн агентууд өнгөрсөн онд нэг орон сууцыг медиан дунджаар 18 хоногт худалдаж, найм хоногт түрээсэлжээ.
Тэлэхээс өөр сонголтгүй
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал Улаанбаатар хотод орон сууцны үнэ 12 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өсөж, шинэ орон сууцны дундаж үнэ 4.6 сая төгрөг хүрсэн байна. Ипотекийн зээлийн санхүүжилт эрс идэвхжиж, 2024 оны эцсийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл 24.2 хувиар өсөн 9.2 их наяд төгрөг хүрсэн нь орон сууцны үнийн өсөлтөд тодорхой хувиар нөлөөлжээ.
Үүнээс гадна иргэд сургууль, цэцэрлэгийн хүртээмжээс шалтгаалан төвийн бүсэд орон сууц түрээслэх хандлага нэмэгдсэн нь төвийн дүүргүүдэд орон сууцны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байгааг “Актив зууч” мэдээлж байв.
Орон сууцны үнийн богино хугацааны өөрчлөлтийг барилгын өртөг, эрэлт нийлүүлэлт зэргээр тайлбарлаж болох ч өргөн дүр зургаараа хэт төвлөрөл, дэд бүтцийн дутагдал, төслүүдийн санхүүжилт, залуу гэр бүлүүдийн өсөлт гээд үнийн өсөлтийг урт хугацаанд дэмжих хүчин зүйлс олон байна. Хот руу чиглэсэн шилжин суурьшилт, хязгаарлагдмал дэд бүтцээ дагаад нягтаршил нэмэгдэх тусам үнийн өсөлт үргэлжлэх тул Улаанбаатар хот тэлэх зайлшгүй шаардлагатайг “RE/MAX Mongolia”-ийн Бүсийн эзэмшигч Б.Бүжинлхам хэлж байлаа.
Үүнээс гадна барилгын төсөл хэрэгжүүлэгч компаниуд санхүүжилтээ шийдвэрлэхэд арилжааны банкнуудаас зээл авах, хөрөнгө оруулагчаас санхүүжилт татах гэсэн хоёр л боломж одоогоор бий. Тиймээс олон улсад ашигладаг “Real Estate Investment Trust” буюу Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сантай болсноор төсөл хэрэгжүүлэгчдэд санхүүжилт босгох боломж нэмэгдэхийг “Тэнхлэг зууч” онцолсон юм.