
Leo Skryabin/Bloomberg Markets
Хоёр жилийн өмнө Кремль Украинд эзлэн түрэмгийллээ эхлүүлснээс хойш ОХУ-ын олон мянган иргэн Дубай хотод иржээ. Цэрэг татлага, эдийн засгийн хүндрэлээс зугтсан тэд Арабын Нэгдсэн Эмират улсын эдийн засгийн төвд үл хөдлөх хөрөнгө худалдан авах, Москва дахь бизнесийнхээ салбарыг нээх, эсвэл зүгээр л шинэ амьдрал эхлүүлэхээр яарцгаасан байна.
Ингэхдээ Оросууд АНЭУ-ыг өөрсдийн эх орон шигээ болгохоор хичээжээ. Тэд Дубайн хорооллуудад шинэ уур амьсгал бүрдүүлж, өдгөө тэнд Dodo Pizza, Angel Cakes зэрэг Оросын иргэдэд хэдийн танил болсон үйлчилгээний газрууд нээгдсэн байх жишээтэй.
Angel Cakes кафе
Дубай дахь Dodo Pizza
Мөн өвлийг давж, хавартай золгосныг тэмдэглэдэг Зүүн Славын уламжлалт "Масленица" баярыг гуравдугаар сард Дубай дахь Оросууд нижгэр тэмдэглэсэн байна. Үүгээр зогсохгүй Дубай хот Орос хэлтэй уран бүтээлчид аялан тоглолтынхоо хуваарьд заавал багтаадаг цэг болжээ.
"Масленица" баяр тэмдэглэж буй Оросууд
Гэрээгээр хөдөлмөр эрхэлдэг гадаадын иргэд буюу "экспат"-уудын Дубайг чиглэсэн урсгал тасралтгүй тэлсээр байгаа юм. Сүүлийн байдлаар 3.5 сая гаруй гадаадын иргэд тус хотод ажиллаж байгаагаас ердөө 285 мянга нь Эмиратын иргэншилтэй байжээ. АНЭУ гадаадын хөдөлмөр эрхлэгсдийг үндэстнээр нь ангилсан тоо баримт гаргадаггүй бөгөөд Энэтхэг, Пакистаны иргэд хамгийн их хувийг бүрдүүлдэг болохыг л мэдээлжээ.
Dodo Pizza салбарын үүсгэн байгуулагч Фёдор Овчинников
Персийн булангийн орнууд АНУ болон Европын Холбоо шиг ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ аваагүй нь тус улсын иргэд Дубайд үл хөдлөх хөрөнгө худалдан авахад таатай нөхцөл байдал үүсгэжээ. Оросууд ихэвчлэн чинээлэг зочдын таашаадаг "Palm Jumeirah", "Dubai Marina" зэрэг далайн эргийн тансаг хорооллуудад орон сууц худалдан авах хандлагатай байдгийг үл хөдлөх хөрөнгийн брокер NF Group Middle East-ийн партнер Марина Шалаева мэдээлжээ.
Palm Jumeirah хороолол
Гэхдээ үл хөдлөхийн түрээсийн төлбөр болон бусад зардал нэмэгдэж буй энэ үед Дубайг зорих Оросуудын тоо оргил цэгтээ хүрээд буурч байж магадгүй аж. Брокерийн Betterhomes компанийн мэдээлснээр Дубайд үл хөдлөх хөрөнгө худалдан авалтаар 2022 онд ОХУ-ын иргэд тэргүүлж байсан бол 2023 онд Энэтхэг, Их Британийн иргэдийн араас гуравдугаарт бичигдэх болжээ.