Газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн асуудлыг яаралтай шалгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл болголоо. Газрыг хууль зөрчин гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэж дүгнэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогын үндсэн цөмд улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл байдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр онцоллоо. Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг илт зөрчин Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил болсон. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой анхаарал хандуулж, энэ асуудлыг яаралтай шалган, үр дүнг ард иргэдэд нээлттэй, ил тод мэдээлэхийг Засгийн газарт чиглэл болгосон"-ыг тодотгов.
Нүүрсний хэргийн хянан шалгах түр хорооноос Өмнөговь аймгийн газар нутгийг БНХАУ-ын 38 компанид хууль зөрчин эзэмшүүлсэн хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулахаар болоод байна.
Нүүрсний хэргийн хянан шалгах түр хорооны сонсголоор Өмнөговь аймгийн газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль зөрчин эзэмшүүлсэн тухай нотлох баримтууд яригдсан юм. Эдгээр хэргийг Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэсэн дүгнэлтийг Хянан шалгах түр хорооноос гаргажээ.
Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, Өмнөговь аймаг дахь газар олголтын асуудал, “Тавантолгой” ХК-ийн нүүрсний борлуулалтын үйл ажиллагаа болон “Тавантолгой” ХК-д хийсэн эрх бүхий байгууллагуудын хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааны талаарх шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулан, холбогдох гэрчүүд, шинжээч, хянан шалгагчаас хариулт, тайлбар аваад байна.
Нүүрсний хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхний шатны сонсгол өнөөдөр өндөрлөж байгаа бөгөөд хоёр дахь шатны сонсголыг 12 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулна.