logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монголд олборлолт, хайгуулын төсөл хэрэгжүүлэгч компаниуд 2023 онд...
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 01 10:30
    400

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Монгол Улсад олборлолт, хайгуулын төсөл хэрэгжүүлэгч томоохон компаниуд өнгөрсөн долоо хоногт санхүү, үйл ажиллагааны тайлангуудаа танилцууллаа

    “Mongolian Mining Corporation” болон “SouthGobi Resources” ашгийн цойлсон өсөлтөө, “TMK Energy” цооногийн өрөмдлөгийн ахицаа тодотгосон бол “Kincora Copper” Монгол дахь татварын асуудлаа онцлон хөнджээ.

    “SouthGobi Resources”

    Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани 2023 онд 75.9 сая ам.долларын ашигтай ажилласан нь 2022 оны цэвэр ашиг болох 13.6 сая ам.доллароос даруй 457 орчим хувиар өссөн дүн болж байна. Тус компанийн үйл ажиллагаа ийнхүү сэргэхэд БНХАУ-ын зах зээлийн нөхцөл байдал дээрдсэн, мөн борлуулалтын сүлжээ тэлж, хэрэглэгчдийн суурь төрөлжсөн нь голлон нөлөөлснийг тайландаа тодотгожээ.

    “SouthGobi Resources” урт хугацаандаа БНХАУ-аас 40 км-ийн зайд байрших “Овоот толгой” уурхайн үйл ажиллагаандаа голлон төвлөрөх юм байна. Мөн хоёр гол хувьцаа эзэмшигчтэйгээ стратегийн түвшинд хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлэхээ мэдээлжээ.

    unnamed.jpg

    Үүнээс гадна 2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тус компанид бүртгэгдсэн татварын өр, торгуулийн дүн 85.1 сая ам.доллар хүрснийг тайландаа дурдсан байна. “SouthGobi Resources” компани Монголын татварын албанд дээрх торгуультай холбоотойгоор 1.2 сая ам.доллар төлөөд байгаа аж.

    “Mongolian Mining Corporation”

    Коксжих нүүрс экспортлогч “Mongolian Mining Corporation” өнгөрсөн онд 1.03 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь өмнөх оноосоо 89.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин татварын өмнөх цэвэр ашиг нь 509 сая ам.доллар хүрч 280.4 хувиар, татварын дараах ашиг нь 304 гаруй хувиар өссөн байна.

    Өнгөрсөн онд “Mongolian Mining Corporation” 14.6 сая тонн нүүрс олборлосноос 12.1 сая тонныг Ухаа худгийн уурхайгаас, үлдсэнийг нь Баруун наран уурхайгаас олборложээ. 2024 оны хувьд тус компани логистик болон дэд бүтцийг хөгжүүлэх санаачилгуудыг дэмжин ажиллаж, БНХАУ дахь худалдан авагчдадаа илүү хүрэх зорилт тавиад байна.

    “TMK Energy”

    2023 оны дөрөвдүгээр сард өрөмдлөгийн ажил нь эхэлсэн Нарийн сухайтын туршилтын гурван цооногийн олборлолт оны турш тасралтгүй явагдаж, хийн урсгалын хэмжээ нь тогтмол нэмэгдсээр байсныг Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани 2023 оны үйл ажиллагааны тайландаа онцолжээ.

    Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй “TMK Energy” компани өнгөрсөн онд “Гурвантэс XXXV” төслийнхөө үлдсэн 33 хувийг “Talon Energy” компаниас авснаар төслийг 100 хувь эзэмшиж эхлээд байгаа юм.

    unnamed (1).jpg

    Тайлант жилийн эцсээр тус компани туршилтын цооногийн хөтөлбөрийнхөө гүйцэтгэлд хөндлөнгийн шинжээчдээр техникийн үнэлгээ хийлгэсэн байна. Үнэлгээгээр “Гурвантэс XXXV” төсөл нь техник шинж чанарын хувьд маш сайн, мөн туршилтын цооногийн хөтөлбөр сайн загварчлагдсан, менежмент үр дүнтэй гэж дүгнэгдсэнийг дурджээ.

    Мөн оны эцэст “TMK Energy” нэгж хувьцаагаа 0.004 ам.доллароор үнэлж, ойролцоогоор 2.5 сая ам.долларын санхүүжилт босгосон юм.

    “Kincora Copper”

    Монголд зэс, алтны хайгуулын төсөл хэрэгжүүлдэг “Kincora Copper” компани өнгөрсөн онд 1.4 сая канад долларын цэвэр алдагдалтай ажилласнаа 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайландаа мэдээлсэн байна. 2022 онд тус компани бараг хоёр сая канад долларын алдагдал хүлээж байсантай харьцуулахад алдагдлын хэмжээ нь 25 орчим хувиар буурсан аж.

    Тайланд аудитын гол анхаарсан асуудлуудын нэг нь Монгол Улс дахь болзошгүй өр төлбөр, татварын үнэлгээ байсныг онцолжээ. 2016 онд хийгдсэн нэгдэн нийлэх хэлцэлтэй холбоотойгоор Монголын Татварын ерөнхий газар 2021 онд тус компанид нэг сая канад долларын татвар ногдуулж байв. “Kincora Copper”-ийн зүгээс тэрхүү татварыг үндэслэлгүй гэж үзэн, өнгөрсөн онд Монгол Улсын Дээд шүүхэд хандсан юм. Дээд шүүхээс тус хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх рүү буцаасан ба шүүх хурлын тов одоогоор тодорхойгүй байгааг тайланд дурдсан байна.

    Үүнээс гадна Kincora Монгол дахь хөрөнгүүдээ худалдахаар төлөвлөснөө өнгөрсөн оны дундуур мэдээлж байлаа.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих