
Зургийг: С.Батсайхан
Сүүлийн хоёр долоо хоногийн турш хувьцаат компаниуд ногдол ашгийн шийдвэрүүдээ шил даран гаргацгааж, аль нь хамгийн өндөр дүнтэйг, аль нь хамгийн өндөр өгөөжтэйг, аль нь цэвэр ашгийнхаа хамгийн их хувийг хувьцаа эзэмшигчдэдээ хүртээж буй нь анхаарал татаж байна.
2024 онд хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 22 гаруй хувиар өсөж, 799.22 тэрбум төгрөг хүрснийг Монголын Хөрөнгийн бирж мэдээлээд байна. Хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн 40 компанийн 15 нь “ТОП-20” индексэд бүртгэлтэй компаниуд байгаа юм. Эдгээр 15 компанийн ногдол ашиг тараах нийт үнийн дүнгийн 37 хувь буюу 271 тэрбум төгрөгийг "ХААН Банк", 36 хувь буюу 263 тэрбумыг “Тавантолгой” ХК эзэлж буй.
Харин цэвэр ашигт эзлэх харьцаагаар “Газар шим үйлдвэр” ХК (80 хувь), “Тавантолгой” ХК (70 хувь), “Төрийн банк” (56.7 хувь) гэсэн компаниудын ногдол ашиг тэргүүлж байна.
2023 оны хаалтын ханшаар тооцоолбол ТОП-20 индексээс ногдол ашиг тараах шийдвэр гаргасан 15 компанийн ногдол ашгийн дундаж өгөөж 6.9 хувьтай байна. “Тавантолгой” ХК 28.1 хувь, “ХААН Банк” 11.8 хувь, “Төрийн Банк” ХК 11.8 хувь, “Голомт банк” 9.9 хувийн ногдол ашгийн өгөөжтэйгөөр бусад компаниа тэргүүлж байгаагаас хөрөнгийн зах зээлд банкнуудын хувь нэмэр хэр өндөр байгааг харж болохоор байгаа юм.
Дашрамд дурдахад, “Худалдаа Хөгжлийн Банк” ХК аудитлагдсан санхүүгийн тайлан гарсны дараа ногдол ашгийн дүнгээ мэдээлэхээр байна.
Харин банк, санхүүгийн байгууллагаас бусад салбарт “Газар шим үйлдвэр” ХК-ийн ногдол ашгийн өгөөж хамгийн өндөр буюу 9.4 хувь байгааг онцлохоор байгаа юм. Мөн “Инвескор ББСБ” ХК-ийн ногдол ашгийн өгөөж хэдий бага байгаа ч өсөлтийн үе шатандаа яваа компанийн хувьд ханшийн зөрүүнээс өндөр өгөөж хүртэх боломжтой бөгөөд 2023 онд тус компанийн хувьцааны ханш 40 хувиар өссөнийг “ТиДиБи Секьюритис ҮЦК” онцолж байна.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com