logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    SXCoal: БНХАУ-ын эцсийн хэрэглэгчдийн эрэлт суларч, Монголын коксжих нүүрсний үнэ буурч байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 06 13:00
    3226

    Зургийг: Waldo Swiegers/Bloomberg

    Ганцмод боомтод Монголын V ангиллын нүүрсний үнэ тонн тутамдаа 20-30 юаниар буурлаа

    БНХАУ-д дотоодын коксын зах зээл суларч, эцсийн хэрэглэгчдийн худалдан авалт буурснаар Монголоос нүүрс авдаг гол боомтуудад импортын коксжих нүүрсний үнэ буурах хандлагатай байгааг “SXCoal” онцолж байна.

    Аппетит муудав

    Худалдан авагчид ийнхүү хэмнэлт хийж байгаагаас зарим арилжаалагчид үнээ олон удаа бууруулахаас аргагүй болжээ. Ганцмод боомтод урт хугацааны гэрээгээр зарагдах Монголын V ангиллын түүхий нүүрсний үнэ 20-30 юаниар буурч, тонн нь 1250-1280 юань болсон бол III ангиллын угаасан коксжих нүүрсний үнэ 1460-1480 юань орчимд хэлбэлзэж байна.

    Түүнчлэн Цагаан хад суурьшлын бүсээс Гашуунсухайт-Ганцмод боомт хүртэл нүүрс тээвэрлэх зардал сүүлийн найман өдөр дараалан буурч, тонн нь 115 юань байснаас 110 юань болоод байгааг “SXCoal” онцоллоо.

    Нүүрсний биржийн арилжаанд ч мөн үнийн уналтын нөлөө ажиглагдаж байна. Тухайлбал:  долоодугаар сарын 31-нд “Energy Resource” компани 19 мянга 200 тонн III ангиллын коксжих нүүрсийг тонныг нь 1170 юаниар арилжих хэлцэл хийжээ. Энэ нь тус компанийн сүүлд хийсэн арилжаанаас тонн тутамдаа 10 юаниар доогуур, мөн тавдугаар сарын эцсээс хойших хамгийн бага дүнтэй арилжаа болжээ.

    Үүгээр зогсохгүй Тавантолгой ХК VII сарын 31-нд дуудлага худалдааны эхлэх үнээ тонн тутамд таван ам.доллароор нэмэгдүүлж, улмаар 96 мянган тонн нүүрсээ зарж чадаагүй байна. 

    Гангийн үнийн уналт үргэлжилж, алдагдал нь нэмэгдэж байгаа тул БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдийн зүгээс коксын үнийг бууруулах хүсэлт гаргаад байгаа аж. Энэ нь кокс үйлдвэрлэгчдийн дунд Монголын нүүрс зэрэг түүхий эд татан авах сонирхол нь буурах нөхцөл болж байгааг “SXCoal” онцолж байна.

    Монголын нүүрсний экспортын биет хэмжээ эрс нэмэгдэж, 2022 оны нийт экспортын хэмжээг аль хэдийн даваад байгаа ч үнийн дүнг тооцолгүйгээр зөвхөн биет хэмжээнд тулгуурлан орлогын өөдрөг төсөөлөл гаргах нь эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулсаар буй. 

    Менежмент хамгийн чухал

    Орлого өсөхтэй зэрэгцээд улсын зарцуулалт дагаад нэмэгдэх хандлага байдаг. Ингэснээр олон улсын болон дотоодын сөрөг хүчин зүйлсэд илүү эмзэг болж, өсөлт алдагдах эрсдэл бийг "Fitch" агентлаг онцоллоо. Оны эхний таван сарын трендийг харвал энэ онд нүүрсний экспорт 70 сая тонн давах төлөвтэй ч биет хэмжээг ийнхүү өндөр түвшинд хадгалж чадсаны нөлөө эдийн засагт тийм ч их биш байна гэж тус агентлаг тооцоолжээ.

    “Өсөлтийн энэ циклийн туршид уул уурхайн салбарын орлого болон төсвийн зарцуулалтад зөв менежмент хийх нь зээлжих зэрэглэлд хамгийн том нөлөө үзүүлэхээр байна” хэмээн "Fitch"-ийн шинжээч Крисжанис Крустинс тодотгож байлаа. 

    Cэтгэгдэл бичих