
Зургийг: БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар/Getty Images
Нэгдүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаагчид, цагдаагийн алба хаагчид БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг өргөөнөөс нь баривчлан саатууллаа. Улсдаа богино хугацаанд үргэлжилсэн онц байдлын дэглэм зарласан үйлдлийнх нь төлөө баривчилж, байцаалт авах шүүхийн захирамж ийнхүү хэрэгжсэнээр Юн Сог Ёльд тулгарч болзошгүй хууль эрх зүйн эрсдэл улам даамжирч байна. БНСУ-ын Парламентаас Ерөнхийлөгчийн үйлдэл Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж, албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг 12 дугаар сарын 14-нд гаргаад байсан юм. Одоогоор Юн Сог Ёлийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд огцруулах шийдвэрийг баталгаажуулах эцсийн шийдвэр хүлээгдэж буй.
Юн Сог Ёль яагаад баривчлагдав?
БНСУ-ын Засгийн газрын харьяаны бие даасан агентлаг Төрийн өндөр албан тушаалтны авлигын хэргийг мөрдөн шалгах газраас (CIO) Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг баривчлан саатуулаад байна. Үүнээс өмнө албаныхан Ерөнхийлөгчийн онц байдал зарласан үйлдэл нь бослого гаргасан гэмт хэрэг мөн эсэхийг шалгах зорилгоор Юн Сог Ёлийг удаа дараа байцаалтад дуудсан ч тэрбээр хүлээж аваагүй юм. Тус улсын түүхэнд албан тушаалаа хашиж байхдаа баривчлагдсан анхны Төрийн тэргүүн нь Юн Сог Ёль болж байна.
БНСУ-ын Үндсэн хуульд зааснаар албан тушаалаа хашиж буй Ерөнхийлөгчийг эх орноосоо урвах, бослого гаргах гэсэн зөвхөн хоёр үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой аж.
Дараа нь юу болох вэ?
Сөүл хотоос холгүй орших Гвачон дахь CIO-ийн төв байранд Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг 48 цагаас илүүгүй хугацаанд саатуулж, байцаалт авах боломжтой. Үүний дараа албаныхан түүнийг 20 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах албан ёсны зөвшөөрөл хүсэх, эсвэл суллах эсэхээ шийднэ. Хэрэв Юн Сог Ёль бослого гаргасан гэмт хэрэгт буруутай гэж тогтоовол ялын дээд хэмжээ болох бүх насаар нь хорих ялаар шийтгэх магадлалтай. Мөн цаазаар авах ял оноох үндэслэл ч бий.
Огцруулах асуудлаарх шүүх хурал юу болж байна вэ?
БНСУ-ын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх буюу импичментийн саналыг Парламент бус Үндсэн хуулийн цэц таслан шийдвэрлэх эрхтэй байдаг. Мөн Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэх асуудал, төрийн байгууллага хоорондын хууль эрх зүйн маргааныг Үндсэн хуулийн цэц зохицуулна. Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаарх хянан шийдвэрлэх ажиллагааг БНСУ-ын Үндсэн хуулийн цэц нэгдүгээр сарын 14-нд эхлүүлсэн бөгөөд зургаадугаар сараас өмнө шийдвэрээ гаргах ёстой.
Одоогоор энэ хэргийг цэцийн найман шүүгч хянаж байна. БНСУ-ын Үндсэн хуулийн дагуу Төрийн тэргүүнийг албан тушаалаас нь буулгахад дор хаяж зургаан шүүгчийн дэмжсэн санал шаардагдана. Хэрэв Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорвол 60 хоногийн дотор шинэ сонгууль явагдах ёстой.
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулсан тохиолдол бий юу?
2004 оны гуравдугаар сард БНСУ-ын Үндэсний Ассамблей тухайн үеийн Ерөнхийлөгч Ро Му Хёныг сонгуулийн хууль зөрчсөн гэж үзэж, огцруулах хуулийн төслийг баталсан нь тус улсын түүхэнд анхны тохиолдол болж байв. Үүнээс хоёр сар орчмын дараа Үндсэн хуулийн цэц Ро Му Хёны бүрэн эрхийг сэргээж байсан юм. Ро Му Хён сонгуулийн хуулийг зөрчсөн гэм буруутай ч энэ нь албан тушаалаас нь огцруулах үндэслэл болохгүй гэж дүгнэж байжээ.
Харин хоёр дахь удаагийн тохиолдолд Парламент амжилтад хүрчээ. 2016 онд Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн албан тушаалаа урвуулан ашигласан дуулиантай холбоотойгоор огцруулах шийдвэр гаргаж, Үндсэн хуулийн цэц 2017 оны гуравдугаар сард тус шийдвэрийг баталсан. Ингэснээр Пак Гын Хэ албан тушаалаасаа огцорсон БНСУ-ын анхны Ерөнхийлөгч болж байлаа.
Юн Сог Ёль онц дэглэм тогтоох шийдвэрээ юу гэж тайлбарласан бэ?
12 дугаар сарын 12-нд тэрбээр телевизээр иргэддээ хандсан мэдэгдэл хийхдээ "Онц байдлын дэглэм тогтоосны зорилго нь улс орноо аврах, "чөлөөт ардчилал"-ыг хамгаалах, Төрийн үйл ажиллагааг хэвийн болгох явдал" гэж байлаа. Мөн сөрөг хүчний "Төрийн эсрэг" үйл ажиллагаа, БНАСАУ-д талтай байдлыг олон нийтэд таниулж анхааруулга болгохын тулд ийм үйлдэл хийснээ дурдсан юм.
"Намайг огцруулж, мөрдөн шалгалаа ч миний бие тэдний эсрэг бат итгэлтэй зогсох болно. Би эцсээ хүртэл тэмцэнэ" хэмээн Юн Сог Ёль онцолжээ.
Одоо БНСУ-ыг хэн удирдаж байгаа вэ?
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа тус улсын Ерөнхий сайд Хан Дог Сү албан тушаалыг нь орлож байсан ч 12 дугаар сарын 27-нд мөн Парламентын санал хураалтаар түүнийг огцруулсан. Тус улсын Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшүүлсэн гурван шүүгчийг Хан Дог Сү томилохоос татгалзсантай энэ нь холбоотой. Шинэ шүүгчдийг томилсноор Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулах эцсийн шийдвэр хүчин төгөлдөр болох магадлал эрс нэмэгдэх байлаа.
Үүний дараа тус улсын Сангийн сайд Чой Сан Мок Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, одоогоор БНСУ-ыг удирдаж байна.