logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    $29 их наядын өртэй хөгжиж буй орнуудын ачааг хүүгийн эргэн төлөлт улам хүндрүүлэх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 23 09:30
    391

    Зургийг: Bloomberg

    Монгол Улсын хувьд 2025 онд хүлээгдэж буй гадаад өр төлбөр харьцангуй бага байна

    Донсолгоотой 2025 онтой золгохоор байгаа хөгжиж буй орнууд өнгөрсөн 10 жилд хуримтлагдсан нийт 29 их наяд ам.долларын өр, түүний өсөн нэмэгдсээр буй хүүгийн төлбөрийг зохицуулах шаардлагатай тулгарчээ.

    Дефолтууд айсуй

    НҮБ-ын судалгаанд онцолсноор 2023 оны байдлаар нийт орлогынхоо 10-аас дээш хувийг хүүгийн төлөлтөд зарцуулж буй орны тоо 54 болсон нь урьд байгаагүй өндөр үзүүлэлт аж. Хөгжиж буй орнуудын гадаад, дотоод нийт өрийн дүн өнгөрсөн онд 850 тэрбум орчим ам.доллар болсон нь улсу орнууд эмнэлэг, зам, сургууль барих дотоодын зарцуулалтаа танахад хүргэж, хажуугаар нь хөгжиж буй зах зээлийн хөрөнгө оруулагчдад эрсдэл үүсгэж байгааг онцолжээ.

    Тодорхойгүй байдал давамгайлсан 2025 онд энэ нь хөгжиж буй орнуудын хувьд бас нэг сорилт болох юм. АНУ-ын бодлогын хүү, ам.долларын ханшид Дональд Трампын үзүүлэх нөлөө, геополитикийн зөрчил, БНХАУ-ын эдийн засгийн тааруу үзүүлэлт гээд олон хүчин зүйлс ирэх он нэлээн савлагаатай байх нөхцөл бүрдүүлж байна.

    unnamed (5).jpg

    Сүүлийн 10  жилд хөгжиж буй орнуудын нийт өр даруй хоёр дахин өсөж, 29 их наяд ам.доллар хүрснийг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал жилийн тайландаа мэдээлжээ. Энэхүү нүсэр дүнг дагаад улс орнуудын төлөх хүү нэмэгдэхийн сацуу хугацаа нь удахгүй дуусах бондуудыг төлж барагдуулах, эсвэл дахин санхүүжүүлэхтэй холбоотой дарамт ирж байна.

    Ирэх хоёр жилийн хугацаанд гадаад зах зээлд гаргасан бондын 190 тэрбум ам.долларын өр төлбөр хүлээгдэж байгааг “JPMorgan Chase” мэдээлжээ. Мөн өрийн харьцаа, зээлийн өртгөөс шалтгаалан ирэх 10 жилд улс орнуудын зарлах дефолтын тоо өнгөрсөн 10 жилийнхээс өндөр байх төлөвтэйг “S&P Global Ratings”-ийн шинжээчид өнгөрсөн сарын тайландаа бичжээ.

    Олон улсын хөрөнгө оруулагчид ч хөгжиж буй зах зээлээс аль хэдийн мөнгөө татаж эхэлсэн байна. “Morgan Stanley”-ийн мэдээллээс харвал хөгжиж буй орнуудын гадаад валютын бондыг дагадаг хэрэгслүүд, сангуудаас гарсан мөнгөн урсгал энэ онд 14 тэрбум ам.доллар хүрчээ. Хэдий тийм боловч Засгийн газрууд гадаад өрийн дефолт ганц ч зарлалгүйгээр 2024 оныг үдэж чадлаа.

    Төлбөрийн чадваргүй болох магадлалтай улс 2025 онд ч бас харагдахгүй байгааг “RBC BlueBay Asset Management”, “Morgan Stanley” зэрэг энэхүү зах зээлийг ажигладаг томчууд илэрхийлж буй нь Олон Улсын Валютын Сан зэрэг байгууллагуудын дэмжлэг, мөн цөөнгүй орнууд олон улсын бондын захад дахин нэгдсэнтэй холбоотой аж.

    Монголд дарамт хэр байна вэ?

    Оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 35.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсөөд байна. Хэдийгээр Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа 2023 оны эцэст 44.4 хувь байснаас 2024 оны эхний хагаст 38.2 хувь болж буурсан ч Хөгжлийн банкны зээл, Нийслэлийн бонд зэрэг шинэ өр төлбөрүүд нэмэгдсэнийг дурдах хэрэгтэй.

    unnamed (6).jpg

    Дэлхийн банк сүүлд гаргасан судалгааны тайландаа 2025 онд Монгол Улсын Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 42.2 хувьтай тэнцэнэ гэж төсөөлжээ.

    Монгол Улсын хувьд 2025 онд хүлээгдэж буй гадаад өр төлбөр харьцангуй бага байна. Дараагийн томоохон эргэн төлөлт гэвэл гадаад зах зээлд гаргасан бондын 600 орчим сая ам.долларын төлбөр, мөн 2026 онд хугацаа нь дуусах Монголбанк, Хятадын Ардын банкны своп хэлцлийн гэрээний төлөлт байх төлөвтэй. Харин хүүгийн төлөлтийн хувьд Монгол Улс 2023 онд нийт орлогынхоо 5.2 хувийг зээлийн хүүнд зарцуулсныг НҮБ-ын судалгаа харуулж байна. 

    Cэтгэгдэл бичих