
Идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж буй 3770 аж ахуйн нэгжийг хамруулсан Монголын бизнесийн орчны 2023 оны судалгааны үр дүнг МҮХАҮТ болон МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран танилцууллаа. Судалгаагаар бизнесийн орчны ерөнхий үнэлгээ 2.68 болж, 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад найман хувиар буурсан байна.
Суурь дэд үзүүлэлтүүдээс харвал ганцхан бизнесийн дотоод үйл ажиллагааны үнэлгээ 2020 оныхоос өсөлттэй байгаа бол дэд бүтэц, технологийн орчны үнэлгээ хамгийн их буюу 15 хувиар буурч, мөн засаглал, хууль эрх зүйн орчин хамгийн тааруу буюу 2.40 оноогоор үнэлэгджээ.
Эдийн засгийн орчин, тэр дундаа татварын орчны асуудлуудаас бизнесүүдэд хамгийн их дарамт учруулж буй нь татварын нэр төрөл, ачаалал болох нь судалгааны үр дүнгээс мөн харагдаж байна. Харин санхүүгийн талд гол сөрөг нөлөөлөл нь валютын ханшийн хэлбэлзэл ба инфляц болохыг судалгааны удирдагч, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Б.Даваасүрэн мэдээлсэн юм.
Урагшаа нэг, хойшоо хоёр алхсаар
Цар тахлын дараа эдийн засаг нь эрчимтэй сэргэж буй орнуудын тэргүүн эгнээнд Монгол Улс багтаж буй ч 2023 оны Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд өмнөх оныхоос нэг байр ухарч, 64 улсаас 62 дугаарт эрэмбэлэгдсэн. Монгол Улсын оноог хойш чангаасан шалтгаанууд гэвэл өнөөх л Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, хүнд суртал, засаглалын сул үр ашиг буюу дээрх судалгаанд бизнесүүдийн зүгээс эн тэргүүнд сайжруулах шаардлагатай гэж үзсэн хүчин зүйлс байгаа аж.
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг туслалцаа нь хамгийн их хэрэгтэй байгаа байгууллагаар Засгийн газар, яамдыг нэрлэжээ. Харамсалтай нь "Түр зуурын, аргацаасан шинжтэй арга хэмжээнүүд урт хугацааны бодлогын орон зайг эзэлсэн нь Төр, хувийн хэвшлийн түншлэлд дорвитой ахиц гарахад саад болж буй"-г МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин онцолж байлаа.
Танхимуудын зөвлөгөө
“AmCham Mongolia” зэрэг худалдаа, аж үйлдвэрийн найман танхим хамтран Монголын хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах өөрсдийн зөвлөмжийг холбогдох Төрийн байгууллагуудад хүргүүлсэн байна. Тэрхүү зөвлөмжид дараах бодлогын алхмуудыг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзжээ.
Хөрөнгө оруулалттай холбоотой маргааны тухайд бизнесийн эрх зүй, арилжааны эрх зүйн маргааныг шийдвэрлэх дагнасан шүүхтэй болохыг зөвлөсөн байна.