
Зургийг: Bloomberg
“JPMorgan Chase”-ийн Гүйцэтгэх захирал Жэйми Даймон инфляцын талаар илүү их санаа зовниж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “АНУ-ын эдийн засагт үнийн дарамт өндөр хэвээр байгаа тул бодлогын хүү хүлээлтээс удаан хугацаанд өндөр байх болно” гэж үзэж буйгаа онцолжээ.
Мөн “Ирээдүйд инфляцыг өдөөх ногоон эдийн засагтай холбоотой зардал, дэлхий дахины цэрэгжилт, дэд бүтцийн зардал, худалдааны маргаан, төсвийн томоохон алдагдал зэрэг хүчин зүйлүүд байна” гэдгийг дурдсан байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын инфляцын суурь үзүүлэлт сүүлийн хагас жилд анх удаа буурсныг мэдээлсэн юм. Үүний дараа зах зээлд Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогоо зөөлрүүлнэ гэсэн өөдрөг хүлээлт нэмэгдсэнээр “S&P 500 Index” болон “Nasdaq 100 Index” лхагва гарагт түүхэн дээд түвшинд хүрч хаагджээ.
Жэйми Даймон ану-ын эдийн засаг хэсэг хугацаанд эрүүл өсөлттэй байсан ч энэ нь ирээдүйг урьдчилан таамаглахад хангалтгүй гэж мэдэгдсэн байна.
“JPMorgan Chase”-ийн Гүйцэтгэх захирал Жэйми Даймон