
“AmCham Mongolia” зэрэг худалдаа, аж үйлдвэрийн найман танхим Монголын хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад өөрсдийн зөвлөмжийг холбогдох Төрийн байгууллагуудад хүргүүлсэн байна. Тухайлбал: “Монгол Улс бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц хөрөнгө оруулалт татах улс болоход урамшууллын төрөл хэтэрхий цөөн, татварын дэмжлэгүүд хангалттай бус байна” гэж үзжээ.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хамтын санаачилга баримт бичигт эдийн засгийг төрөлжүүлж, уур уурхайн салбараас хэт хараат байдлыг бууруулах зорилгоор эн тэргүүнд дэмжих болон тодорхой хүрээнд дэмжих эдийн засгийн чиглэлүүдийг тодорхойлохыг хүссэн байна. Ингэснээр тэдгээрт үзүүлэх татварын болон татварын бус урамшуулал, дэмжлэгийг тодорхойлох нь хөрөнгө оруулалт татахад таатай болно гэж үзжээ.
Мөн одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд буй татварын үндсэн хөшүүргийн заалтыг хассанаар хөрөнгө оруулалтын одоогийн орчныг улам дордуулж байна гэж үзэж байгаагаа тодотголоо.
Харин хөрөнгө оруулалттай холбоотой маргааны тухайд бизнесийн эрх зүй, арилжааны эрх зүйн маргааныг шийдвэрлэх дагнасан шүүхтэй болохыг зөвлөжээ. Энэ онд л гэхэд гадаадын хөрөнгө оруулалттай хэд хэдэн компани тодорхой асуудлаар шүүхэд хандаад байгаа юм. Тухайлбал: зэс, алтны хайгуулын "Хүрэл үнэг" төсөл хэрэгжүүлж буй “Kincora Copper” компани Татварын ерөнхий газраас ногдуулсан 2.7 тэрбум төгрөгийн татварын асуудлаар Монгол Улсын Дээд шүүхэд хандаад байна. Мөн “SouthGobi Resource компани ч татварын албатай тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд санхүүгийн хүндрэл үүсээд байгааг мэдэгдэж байсан юм.
Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийг буцаан хэрэглэх зохицуулалтыг шинээр тусгахыг зөвлөж байна. Ингэхдээ шинээр батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль нь хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол хөрөнгө оруулалтын тухай хуулийг буцаан хэрэглэнэ гэж нэмэхийг санал болгожээ.
Мөн хөрөнгө оруулалтын орчноос гадуурх зөвлөмжүүдийг хүргүүлсэн байна. Эн тэргүүнд хувьцаа борлуулсан орлогод ногдох 20 хувийн суутган татварын хэмжээг бууруулах зөвлөмжийг Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын санаачилгад дурдлаа.
Үүнээс өмнө Монгол Улсад байрладаг өрийн хэрэгсэл гаргагчийн бонд, хувьцаа борлуулсны орлогод ногдох орлогын албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар хөнгөлөхөөр нэмэлт өөрчлөлтийг баталснаа Санхүүгийн зохицуулах хороо хоногт мэдэгдэж байв.
Түүнчлэн Монгол Улсын төсвийн багагүй хэсгийг бүрдүүлдэг татварын системд нэмэгдсэн өртгийн урвуу албан татварыг цуцлах ёстой гэж тэдгээр танхимууд үзэж байна.
Мөн уул уурхайн салбарын гол зөвлөмжийг харвал Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгай зөвшөөрлийн төлбөрийг их хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгасан гэж үзэж байгаа аж. Ингэснээр 50-иас дээш хувьтай байгаа татварын бодит хувь хэмжээг их хэмжээгээр нэмэгдүүлж, бусад үйлдвэрлэгч улс орнуудтай харьцуулахад өрсөлдөх чадваргүй болгоно гэдгийг онцоллоо.