
Зургийг: Bloomberg/Chung Sung-Jun/Getty Images AsiaPac
“Bloomberg”-ийн цувралаар хүргэдэг “Мөнгөө өсгөх хувилбарууд”-ын шинэ дугаарт туршлагаасаа хуваалцсан экспертүүдийн дийлэнх нь хиймэл оюуны ирээдүйн зах зээлд “мэдээжийн” арга хэрэгслүүдээс хэрхэн цаадхыг харж тоглолт хийх талаар зөвлөсөн байна. Дата төвүүд, зэс гээд хиймэл оюуны бүтээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийдэг бүхий л салбаруудад тэд санаагаа уралдуулжээ.
Нэг сая ам.доллароор яг одоо юунд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.
ШИЛЖИЛТЭД ХӨРӨНГӨ ОРУУЛ
Гол санаа: Зах зээлд ч, дэлхийн эдийн засагт ч томоохон тохируулга хийгдэж байна. Энэ нь нийлүүлэлтийн сүлжээний шинэ даяаршлаас эхлээд цахилгаанжуулалт, эрчим хүчний шилжилт, дижитал шилжилт гээд бүгдийг хамарна. Ийм учраас шилжилтийн технологи, мөн тэрхүү шилжилттэй холбоотой дэд бүтцийн орон зайд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй. Энгийнээр хэлбэл юу биднийг А цэгээс Б цэгт хүргэж чадахаар байна, түүнд хөрөнгө оруул гэсэн үг.
Стратеги: Хөрөнгө оруулагчид шилжилтийн технологи, дэд бүтцэд хөрөнгө оруулахдаа хэд хэдэн хэрэгсэл болон багцаа бүрдүүлэх арга барилыг ашиглаж болно. Хиймэл оюуныг авч үзье л дээ. Суурь давхарга нь болох дата бүтэц, алгоритм, мөн хагас дамжуулагч зэрэг технологийн дэд бүтэц ихээхэн анхаарал татаж байна. Гэхдээ тэдгээртэй юу хосолж ажилладаг вэ? Цахилгаан эрчим хүч, интернэт хүчин чадал, дата сервер гээд ямар дижитал дэд бүтэц хэрэгтэй вэ?
Бүр цаашилбал 3D хэвлэлд зориулагдсан лазер үйлдвэрлэхэд юу шаардагддаг вэ? Цахилгаан автомашины дэд бүтэц хангалттай тавигдах хүртэл орон нутгийн жолооч нарт ямар төрлийн зөөврийн цэнэглэгч зөв сонголт болох вэ гэх мэт… Тэгэхээр биржид бүртгэлтэй эрчим хүч, тээвэр, харилцаа холбооны дэд бүтцийн компаниуд, дэд бүтцийн бондууд, генератив технологиор шинэ хэрэглэгчийн бааз суурь, бизнесийн үйлчилгээг бий болгож магадгүй бага болон дунд үнэлгээтэй компаниудыг анхаарах нь дээрх тогтвортой чиг хандлага дунд хамгийн цогц арга барил болох юм.
Том зургаараа: Эдгээр өөрчлөлтүүд хөрөнгө оруулалтын эцсийн үр дүнд хэрхэн нөлөөлөх талаар бодох нь сонирхолтой, бас зарим талаараа айдас төрүүлэм. Хэдий тийм боловч энэ бүхэнтэй холбож ирээдүйг урьдчилан мэдэх боломжгүй нь үнэн. Дэлхий даяарх шилжилтүүд өөр хоорондоо уялдаатай тул ирэх хэдэн жилд гарах хууль эрх зүйн, ёс зүйн, хөрөнгө оруулалтын шийдвэрүүдээс эцсийн үр дүн нь хамаарна.
ХӨГЖИЖ БУЙ ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ЗҮГЛЭ
Гол санаа: Сонгодог 60/40 харьцаатай хөрөнгө оруулалтын багцын хувьд 60 хувийг нь хувьцаагаар, 40 хувийг нь бондоор бүрдүүлэхийн оронд 60 хувийг тогтмол орлоготой үнэт цаас, 40 хувийг нь хувьцаагаар бүрдүүлэхийг би хувьдаа илүүд үзэж байгаа. АНУ-ын Засгийн газрын бондын хувьд өгөөж нь хувьцааныхаас давсан нь сүүлийн 20 орчим жилд анх удаа тохиож байна.
Стратеги: 60 хувиа бүрдүүлэхийн тухайд олон улсын өндөр өгөөжтэй зах зээл их зүгээр. Тухайлбал: БНХАУ-аас бусад хөгжиж буй орнуудын Засгийн газрын бондын зах зээл нэлээд хугацаа өнгөрсний эцэст одоо л сонирхол татахуйц түвшиндээ ирээд байна. Фронтиер зах зээлтэй цөөнгүй улс дефолтын циклийнхээ өөр үед ирээд байгаа ба популист удирдагчдын халааг төвийн үзэл баримтлалыг дэмжигчид авснаар төсвийн хувьд сахилга бат нь сайжирсан. Нэлээдгүй хугацааны дараа эдгээр улсууд зөв хөдөлж байна. Хөрөнгийн орох урсгал нэмэгдэж, энэ зуур хөрөнгө оруулагчид хоёр оронтой тоогоор хэмжигдэх өгөөж хүртэн, магнай тэнийж буй. Аргентин, Эквадор, Пакистан, Ливан, Египет зэрэг улсаар жишээ татаж болно.
Багцын үлдсэн 40 хувийн тухайд барууны орнуудаас бусад орны эдийн засгийн өсөлт эргэн эрчээ авах үед олон улсын хувьцаануудад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ. Харин БНХАУ-ын хувьд цаг нь арай болоогүй гэсэн болгоомжлол байна. Энэтхэгийн хувьд хөрөнгө оруулахад боломжийн хэвээр байгаа. Ерөнхийд нь нэгтгээд хэлбэл Европын орнууд, Африк, Өмнөд Африк, БНХАУ-аас бусад Азийн орнуудын хувьцааг багтаасан, төрөлжилт сайтай багц бүрдүүлэх хэрэгтэй.
УРТ ХУГАЦААНДАА ЗЭС БА БАЙГАЛИЙН ХИЙ
Гол санаа: Урт хугацааны хөрөнгө оруулалтын өнцгөөс харвал таваар нь бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдтэй харьцуулахад хамгийн хямд үе дээрээ байна. Мөн одоо хиймэл оюуны зах зээлд тоглолт хийхэд таваар нь хамгийн эрсдэлгүй арга байна гэдэгт итгэж байна.
Стратеги: Зэс болон байгалийн хийн ихэнх зах зээлүүдэд эрэлт, нийлүүлэлт нь тэнцвэртэй харагдаж байна. Хэдий тийм боловч хиймэл оюуныг улам хөгжүүлэхийн тулд бидэнд дахиад олон мянган дата төв шаардагдана. Тэдгээр төвүүд нь ерөнхийдөө асар их цахилгаан дамжуулдаг, асар олон чипээс бүрдсэн нэг том зэс утас гэхэд болно. Дата төвүүд эрчимтэй баригдах тусам эрчим хүчний эрэлт үлэмж хэмжээгээр өсөх болно. Ингэснээр эрэлт өндөр үед зөвхөн ажилладаг, байгалийн хий шатаадаг нөөц цахилгаан станцууд илүү олноор хэрэг болно.
Зэс, байгалийн хийн аль аль нь янз бүрийн шалтгаанаар нийлүүлэлтийн хүндрэлтэй тулгарснаар ирсэн тул эрэлт өсөх үед гэнэтийн орлогын үүдийг нээхэд бэлэн болжээ. Дата төвүүд барихад үүсэх эрчим хүчээр хомсдолыг шуурхай арилгах цорын ганц арга зам нь байгалийн хийн станцууд байх юм. Нар, салхины эрчим хүч дэм болж чадах ч бүрэн нөхөж чадахгүй.
ХИЙМЭЛ ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ӨРГӨЖҮҮЛ
Гол санаа: Өнөө цагт хиймэл оюунд үргэлжлүүлэн хөрөнгө оруулахаас илүү ухаалаг үйлдэл ховор болжээ. 1996 онд “дот-комын хөөсрөл”-ийг үндэслэлгүй гэж анх яригдах үед, 2000 онд тэр хөөс хагарах үед би тэр бүхний гэрч болж байлаа. Өнөөгийн нөхцөл байдал 1996 оныхтой төстэй ч хараахан “үндэслэлгүй” хэмжээнд хүрчхээгүй байна. Хиймэл оюун бол зүгээр нэг “халуурал” бус. Харин ч хиймэл оюун хувьсгалын салхийг сэвэлзүүлж байна. Үүнд хөрөнгө оруулах түмэн зам байгаа ч “Гайхамшигт 5” юм уу “Гайхамшигт 7”-д хөрөнгө оруулахтай адил энгийн, хялбар байхгүй.
Стратеги: Хиймэл оюуны хувьд хагас дамжуулагчаас авхуулаад платформууд, программ хангамж, аюулгүй байдалд мэргэшсэн компаниуд гээд асар том гинжин хэлхээг авч үзэх шаардлагатай. Энэ гинжин хэлхээ улам бүр тэлсээр хиймэл оюун ашиглагдах бүх салбар руу хальж, бүтээмжээ нэмэгдүүлэхээр хиймэл оюуныг түшсэн компаниудад үр ашгаа хүртээнэ. Харин бид ирэх 10 жилийн турш тэрхүү бүтээмжийн үр шимийг хүртэх болно.
Том зургаараа: Бидний ажигласнаар өнөөгийн эдийн засгийн өсөлт нь инфляцын шинжтэй. Үүнд Засгийн газрын дэмжлэгийн арга хэмжээ, хөдөлмөрийн зах зээлийн өндөр эрэлт, бүгдийг нуруундаа үүрч буй 55-аас дээш насны чадварлаг бүлэг, ажиллах хүчийг нөхөж буй цагаачдын давлагаа зэрэг нь түлхэц болж байна. Энэ бүх хүчин зүйлс өсөлтийг цаашид авч явж чадах зөвхөн “Гайхамшигт 7”-оор хязгаарлагдахгүй бусад олон зах зээлд хөрөнгө оруулахад таатай цаг үе ирж байна.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com