
Зургийг: Edward Berthelot/Getty Images Europe
Хэт өндөр үнээр дундаж орлоготой худалдан авагчдаа үргээсэн тансаг зэрэглэлийн брэндүүд хэрэглэгчдийг дахин татахын тулд шинэ арга сэдэх хэрэгтэй болжээ. Тохиромжтой шийдэл нь боломжийн үнэтэй, жижиг хэмжээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж.
2007 онд “Louis Vuitton” өөрийн нэрийн хуудас болсон хээгээр чимэглэсэн шинэ загварын гар цүнхээ гаргаж байлаа. Зай томтой, “Neverfull” нэртэй энэхүү цүнх худалдаанд гарсан даруйдаа хамгийн эрэлттэй цүнх болж байсан юм. Хэдий тийм боловч олны шуурах нэгэн шалтгаан нь цүнхний хямд үнэ байсан аж. 2010 онд энэхүү цүнх ойролцоогоор 600 фунт стерлинг буюу 760 ам.доллароор зарагдаж байв. Ахуйн хэрэглээний цүнхний хувьд энэ нь хэт өндөр үнэ ч гэлээ “Chanel”-ийн классик цүнхний үнийн дөрөвний нэгтэй тэнцэж байжээ.
Тухайн үед БНХАУ, АНУ-ын эдийн засаг өсөж, хэрэглэгчдийн түрийвч зузаарсан байв. Мөн иргэд мөнгөө тууштай хадгалж байсан тул урьд нь зөвхөн чинээлэг бүлэгт зориулагдан гарч байсан дизайнеруудын бүтээлүүдийг авах чадалтай болоод байсан аж. Харин дараагийн хэдэн жилд нь тухайн цүнхний үнэ эрчимтэй өсөж (“Neverfull” цүнхний одоогийн үнэ 1450 фунт стерлинг), тансаг зах зээлд өсөлт саарав. Иймд энэ цаг үед брэндүүдэд худалдан авагчдынхаа хүрээг тэлэх шаардлага үүсээд байгаа юм.
Европын тансаг зэрэглэлийн томоохон компаниуд энэ талд арвин туршлагатай. Үүний нэг жишээ нь “Kering” компанийн эзэмшдэг “Gucci” брэнд. Найман жилийн өмнө “Gucci”-ийн борлуулалт огцом цойлсон нь дан ганц тухайн үеийн бүтээлч захирал Алессандро Микелегийн хийсэн шинэчлэлийн гавьяа байсангүй. Гол нь “Gucci” мөн адил цүнхээ 1000 фунт стерлинг хүрэхгүй үнээр худалдаалж, худалдан авагчдад шинэ бүтээгдэхүүнээ харьцангуй боломжийн үнээр санал болгосон аж. Үр дүнд нь тус компани эн тэргүүнд БНХАУ-ын дундаж давхаргынхныг татаж чадсан байна. Үүний дараа цар тахлын үед санхүүгийн тусламжийн багц авч, дээрээс нь крипто зах зээлээс ашиг олсон америк залуусыг шууруулжээ.
Харин “Gucci” одоо бусад брэндийн адил чинээлэг худалдан авагчдыг татахыг эрмэлзэж байна. Ингэх нь ч аргагүй юм. Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн авах сонирхолтой АНУ-ын худалдан авагчдад инфляц, бодлогын хүүгийн өсөлт санхүүгийн дарамт учруулах нь багасаж байна. Харин хятад худалдан авагчид болгоомжилсон хэвээр. Энэ хооронд “Hermes”, “Brunello Cucinelli” компаниуд борлуулалтын өсөлтөөрөө өрсөлдөгчдөө давсан байна. Эдгээр компани “1 хувь” гэгдэх чинээлэг худалдан авагчдыг зорилтот зах зээлээ болгодог юм. Харин дундаж давхарга руу илүүтэй чиглэдэг “Kering”, Английн “Burberry” компаниудад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа ажээ.

Тансаг зэрэглэлийн брэнд бүр чинээлэг бүлгийг онилох болсноор түүнээс арай доогуур орлоготой бүлгийг “Inditex” компанийн “Zara” зэрэг “Fast Fashion” брэндүүд "хариуцан" үлдсэн юм. Мөн гоёл чимэглэлийн “Pandora”, “Hugo Boss” зэрэг цөөн хэдэн компани л дундаж давхаргад хүрч үйлчилсэн хэвээр байна.
Иймд өндөр үнээр хэрэглэгчдээ “үргээсэн” тансаг зэрэглэлийн компаниудад бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг унагалгүй худалдан авагчдаа эргүүлэн олж авах шаардлага үүсээд байгаа аж. Тэрхүү зорилгод хүрэх хамгийн дөт зам нь нүдний шил, гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй ус зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн юм. Эдгээр нь эртнээс л хэрэглэгчдийг татах гол бүтээгдэхүүн байсаар ирсэн юм. Дундаж хэмжээтэй “Birkin” гар цүнх нь 8000 фунт стерлинг хүрдэг “Hermes” компани хүртэл гоо сайхны бүтээгдэхүүн, сүрчиг, ороолт, зангиа, өдөр тутмын гоёл чимэглэл худалдаалах болжээ.
Түүнчлэн бүтээгдэхүүнийг боломжийн үнэтэй болгох бас нэгэн арга нь хэмжээг нь багасгах. Тухайлбал: жижиг хэмжээтэй арьсан эдлэлүүд хэдийн ашигтайд тооцогдож эхлээд байна.
"Жижиг хэмжээтэй гар цүнхийг томоос нь хямд үнээр худалдаалж болно" гэдэг жишгээр “LVMH”-ийн эзэмшдэг ”Dior” компани алдартай цүнхнүүдийнхээ арай хямд, жижиг хэмжээтэй хувилбарыг гаргаад байгаа юм. Үүний дараа тиймэрхүү цүнхэнд юу юу багтааж болохыг харуулсан бичлэг “TikTok”-оор дүүрэн байршжээ.
“LVMH”-ийн эзэмшдэг ”Marc Jacobs” брэндийг жишээ татъя л даа. Тус брэнд өөрийн логотой, 200 фунт стерлинг орчмын үнэтэй даавуун уутаа худалдаанд гаргасны ачаар хэдэн жил тааруухан байсан үйл ажиллагаа нь эргэн сэргэжээ. Түүнчлэн олонд сайн танигдсан “Stam” зэрэг арьсан цүнхээ дахин үйлдвэрлэж, 1495 ам.доллар буюу дундаж үнээр худалдаанд гаргасан аж. Түүнчлэн татан буугдаад буй “Marc Jacobs” брэндийн үнэ хямдавтар “Marc” загварын цуглуулгаас заримыг нь дахин худалдаалж байна.
Эдгээр алхмууд нь шинэ бүтээгдэхүүн худалдан авах боломжгүй байгаа худалдан авагчдыг илүү хямд үнэтэй брэнд рүү “урвахаас” сэргийлэх зорилготой юм.