
Зургийг: Figure AI Inc
“OpenAI” болон “Microsoft” компани анхлан хөрөнгө оруулалт хийсэн хүн дүрстэй робот хөгжүүлж буй “Figure AI” стартап 675 сая ам.доллар босгохоор болоод байна. Үүнээс өмнө тус компанийн зах зээлийн үнэлгээ хоёр тэрбум ам.доллар дөхөж байгааг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.
Энэхүү стартапт Жефф Безос 100 сая ам.доллар, “Microsoft “95 сая ам.доллар, “Nvidia” болон “Amazon” компани 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж.
“Figure AI” компани хүн дүрстэй, хүнтэй ижил үйлдэл, хөдөлгөөн хийдэг робот бүтээж байгаа юм. Тус компанийн “Figure 01” робот нь хүн хийх боломжгүй, аюултай ажил үүрэг гүйцэтгэж, ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулна гэж тус компани үзэж байна.
500 сая ам.долларын хөрөнгө босгох төлөвлөгөөтэй байсан “Figure AI”-д “OpenAI” компани анх таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсний дараа технологийн олон компани хөрөнгө оруулагчдын эгнээнд нэгдэж, тус стартап одоогоор 675 сая ам.доллар босгохоор ажиллаж байгаа ажээ.