
Зургийг: petromatadgroup.com
Монголд газрын тосны хайгуул хийдэг, Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани Тамсагийн сав газар дахь “Block XX” хайгуулын талбайн “Цэн тогоруу-2” цооногийнхоо өрөмдлөгийг хуваарьт хугацаанаасаа долоо хоногийн өмнө гүйцээж, аравдугаар сарын эцэс гэхэд цооногийн туршилтыг эхлүүлэхэд бэлэн болсноо мэдээллээ.
“Цэн тогоруу-1” цооногоос өмнө зүгт 800 метр зайд байршилтай тус цооногийг 2908 метр хүртэл өрөмдөж, олборлолтын зорилтот давхаргад хүрсэн байна.
Энэ нь газрын тосны “Цэн тогоруу” талбайн анхны автомат ажиллагаатай өрөмдлөгийн төсөл бөгөөд тус талбай нь 190 сая баррель газрын тос үйлдвэрлэх боломжтой аж. Үүнээс өмнө “Petro Matad” компани “Цэн тогоруу-1” цооногт төвлөрч байсан юм. Урьдчилсан туршилтын үр дүнгээс тус цооног нь өдөрт 821 баррель газрын тос олборлож, сайн үр дүн харуулж байжээ.
"Туршилтын шатны үйл ажиллагаагаар дээрх цооногийн үйлдвэрлэлийн нөөц болон цаашид хэрэгжүүлэх хөтөлбөрөө тодорхойлох"-ыг тус компанийн Гүйцэтгэх захирал Майк Бак тодотгосон байна.
Энэхүү мэдээллийн дараа “Petro Matad” компанийн нэгж хувьцааны ханш Лондоны Хөрөнгийн биржид 8.7 хувиар өслөө. Арилжааны сүүлийн таван өдөр 14 гаруй хувиар дээшилсэн байна.