
Зургийг: Andre Malerba/Bloomberg
Тайланд улсын Засгийн газар дөрөвдүгээр сард болдог уламжлалт шинэ жилийн баярынхаа амралтын өдрийг сунгах шийдвэр гаргасан байна. Ингэснээр дөрөвдүгээр сарын 12-нд эхэлдэг “Сонгкран” хэмээх Тайландын шинэ жилээр Төрийн албан хаагчид болон Төрийн үйлчилгээний ажилтнууд дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хүртэл тав хоног амрахаар болжээ. “Энэхүү шийдвэр орон нутгийн аялал жуулчлалд дэмжлэг үзүүлж, худалдан авалтыг нэмэгдүүлэх болно” гэж Тайландын Ерөнхий сайд Сеттха Тхависин Засгийн газрын хуралдааныхаа дараа мэдэгджээ.
Албан тушаалаа аваад зургаан сар болж буй Сеттхагийн Засгийн газар аялал жуулчлалын салбарынхаа өсөлтийг эрчимжүүлэх хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа юм.
Тайландын дотоодын нийт бүтээгдэхүүний 12 орчим хувийг эзэлж, ажлын байрны тавны нэг орчмыг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбар өнгөрсөн 10 жилд дунджаар хоёр хүрэхгүй хувийн өсөлттэй байжээ.
2023 оны эхэн үетэй харьцуулахад энэ онд Тайланд улсыг зорин ирэх гаднын жуулчдын тоо 48 хувиар өсөж, 4.4 сая хүрээд байгаа аж. Визийн хөнгөлөлттэй холбоотойгоор хятад жуулчдын тоо улам нэмэгдсэн нь дээрх үзүүлэлтэд нөлөөлжээ. Тухайлбал: өнгөрсөн долоо хоногт буюу Сар шинийн баярын үеэр Эх газрын Хятадаас 200 мянга гаруй жуулчин Тайландыг зорьсон нь түүний өмнөх долоо хоногоос 68 хувиар өндөр үзүүлэлт болсныг статистик мэдээлэл харуулж байгаа юм.
Энэ онд Тайландын Засгийн газар 35 сая гаднын жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа бөгөөд үүнээс найман сая жуулчин нь хятад жуулчин байна хэмээн тооцоолж байна.
Мөн энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар гаднын жуулчдаас олсон аялал жуулчлалын орлого нийт зургаан тэрбум ам.доллар хүрснийг Тайландын Аялал жуулчлал, спортын яам мэдээлжээ.