
Зургийг: AFP/Getty Images
Вьетнамын шүүхээс тус улсын үл хөдлөх хөрөнгийн томоохон компанийн эзэн Чуон Ми Ланыг 12 тэрбум ам.долларын хөрөнгө луйвардсан хэрэгт буруутгаж, цаазаар авах ял оноосон байна. Энэ нь Вьетнамын Коммунист нам авлигын эсрэг хатуу аргаар тэмцэж эхэлж буйн сүүлийн жишээ боллоо.
Өдгөө 67 настай, “Van Thinh Phat Group”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Чуон Ми Лан нь 2022 онд баривчлагдаж, дараа нь Засгийн газрын албан тушаалтнуудад авлига өгсөн, банкны зээлийн дүрэм журмыг зөрчсөн хэргүүдэд буруутгагдсан юм. Харин түүний холбогдсон гол хэрэг нь 2018-2022 оны хооронд “Saigon Commercial Bank” арилжааны банкнаас их хэмжээний хөрөнгө завшсан хэрэг байжээ.
Шүүхээс түүний луйврын хэрэгт цаазын ял оноосноос гадна авлига өгсөн, банкны журам зөрчсөн хэргүүдэд тус бүр 20 жилийн ял оноожээ. Үүгээр зогсохгүй Чуон Ми Лан хэргээс үүдсэн хохирлыг барагдуулахад 674 их наяд донг буюу 27 тэрбум ам.доллар төлөх ёстой болсон байна.
Вьетнамын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Чуон Ми Лан 15 хоногийн дотор Хо Ши Мин хотын Ардын шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой аж.