
Зургийг: Adam Dean/Bloomberg
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Дорнодын тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
Зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байгааг ОБЕГ мэдээллээ. Улсын хэмжээнд 508 мянга гаруй толгой мал хорогдсон, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байгаа аж.
Хоёрдугаар сарын эхний арав хоногт агаарын температур нийт нутгийн 60 гаруй хувьд олон жилийн дунджаас 1.1-10.7 градусаар хүйтэн, хур тунадас 60 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, баруун болон говийн нутгийн зарим сумдын нутгаар орчим хувьд дунджаас ахиу байгааг ЦУОШГ мэдээлж байв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Мал аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай давахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах"-ыг үүрэг болгоод байна. Тухайлбал: шар усны үерт өртөж болзошгүй айл, өрхийг нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, малчдад туслах аяныг аж ахуйн нэгж болон олон улсын байгууллага, гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулахыг үүрэг болголоо.
Түүнчлэн амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон малчдын судалгааг гаргаж, малжуулах, нийгмийн хамгаалал болон халамжийн төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах, орон нутгийн төсвийн давсан орлогыг малчдад туслах арга хэмжээнд зарцуулах зэрэг ажлыг зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгав.
Үүнээс гадна 2023 онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор халиа тошин үүсэх, шар усны үер болох эрсдэл бий болж буйг Нийслэлийн онцгой комисс онцолж байв. Одоогоор нийслэлд нийт 22 хорооны 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүсээд байгаа ажээ.