
Зургийг: С.Батсайхан
Улсын хэмжээнд 2024 онд хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 95 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдүүлнэ гэж ХХААХҮЯ мэдээллээ.
Энэ онд улсын хэмжээнд , нийт 580.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ. Тухайлбал: 390.6 мянган га-д үр тариа, үүнээс 365.6 мянган га-д улаанбуудай, 19.3 мянган га-д төмс, 15.3 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, 78.3 мянган га-д малын тэжээл, 68.9 мянган га-д тосны ургамал тариална. Мөн 350.9 мянган га-д уринш боловсруулж, 546.7 мянган тонн үр тариа, үүнээс 515.3 мянган тонн улаанбуудай, 225.8 мянган тонн төмс, 220.7 мянган тонн хүнсний ногоо, 4000 тонн жимс, жимсгэнэ, 195.8 мянган тонн тэжээлийн ургамал, 34.3 мянган тонн тосны ургамал, нийт 1.2 сая тонн ургац хураан авахаар тооцоолсон байна.
Тариалалтад 55 мянган тонн улаанбуудайн үр шаардагдахаас Хөдөө аж ахуйн корпорацад 7.2 мянга, улсын үрийн нөөцөд 3000, аж ахуйн нэгж, иргэдэд 40.6 мянган тонн нөөц байгаа гэдгийг салбарын сайд тодотгов. Харин 9.5 мянган тонн үр импортлохоор гэрээ хийж байгаа бөгөөд хүнсний ногооны үрийн хэрэгцээг тооцвол нийт 1177 тонн шаардлагатай байгаа аж.
Түүнчлэн өвлийн хүлэмж хоёр га-аар, зуны нийлэг хальсан хүлэмжийн тариалалтыг 16.6 га-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн 13.7 тэрбум төгрөгөөр 5196 ширхэг нийлэг хальсан хүлэмж авах ажлыг зохион байгуулах юм байна.