
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
МҮХАҮТ-аас уламжлал ёсоор Монгол Улсын өнгөрсөн оны тэргүүлэх 100 аж ахуйн нэгжийг тодруулж, “Оюу Толгой” ХХК дахин нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. “Оюу Толгой” ХХК 2022 оны "Топ-100" аж ахуйн нэгжийн эрэмбийг мөн тэргүүлж байсан юм. Харин "Энержи Ресурс" ХХК удаалж, "ХААН Банк" ХК гуравдугаарт шалгарав.
Салбараар нь харвал худалдааны салбараас хамгийн олон буюу нийт 27 аж ахуйн нэгж энэ удаагийн жагсаалтад багтсан бол уул уурхайн салбарын төлөөлөл нийт 26 компани байна. “CU” сүлжээ дэлгүүрийн “Премиум Нэксус” ХК анх удаа “Топ 10”-т багтсан бол “GS25” дэлгүүрийн “Дижитал Концепт” ХХК 29 байр урагшилж, 18 дугаарт эрэмбэлэгджээ.
Хамгийн олон байр ахисан компаниудаас онцолбол 56 байр урагшилж, 20 дугаарт бичигдсэн “Өсөх Зоос” ХХК, 50 байр урагшилж, 40 дүгээрт бичигдсэн “Баялаг Энержи Ресурс” ХХК байна. Эдгээр компани Өмнөговь аймаг дахь чулуун нүүрсний Хүрэншанд төсөлд үйл ажиллагаа явуулдаг юм.
Шилдэг компаниудыг борлуулалтын орлого, төлсөн татвар, ажилчдын тоо, ашгийн болон хөрөнгийн хэмжээ гэсэн шалгуур үзүүлэлтүүдээр хувьчлан эрэмбэлдэг. Энэ удаагийн жагсаалтад “Топ 100”-аас гадна дараагийн 150 компанийг мөн багтаасан бөгөөд ирэх жилээс шилдэг 500 компанийг тодруулдаг болж, өргөжих аж.