
Зургийг: Simon Wohlfahrt/Bloomberg
“Европын Төв банканд инфляцын эрсдэл арилсан гэсэн хангалттай нотолгоо байхгүй байна” гэж тус банкны Ерөнхийлөгч Кристин Лагард мэдээлэв. Энэ нь зах зээлд үүсээд буй энэ сард бодлогын хүүг бууруулахгүй гэсэн хүлээлтийг бататгалаа.
Евро бүсэд хөдөлмөрийн зах зээл тогтвортой хэвээр байгаа тул эдийн засгийн гол мэдээллийг үнэлэхэд Европын Төв банканд цаг хугацаа шаардлагатай гэж Кристин Лагард даваа гарагт Португалийн Синтра хотод болсон Европын Төв банкны жил тутмын хурлын нээлт дээр мэдэгджээ.
Мөн тэрбээр "Бид ирээдүйд инфляц ямар байх, ялангуяа ашиг, цалин, бүтээмжийн уялдаа холбоо хэрхэн өөрчлөгдөх, эдийн засаг нийлүүлэлтийн талын шинэ цочролд өртөх эсэх зэрэг хэд хэдэн тодорхойгүй байдалтай тулгарсаар байна. Инфляцын түвшин зорилтот түвшнээс өндөр хэвээр байх эрсдэлийг даван туулсан гэдэгт итгэлтэй байхын тулд бидэнд илүү их хугацаа хэрэгтэй” гэж онцоллоо.