logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    ТОП-20-ийн хамгийн хямд, өндөр өгөөжтэй компаниудын жагсаалтад банкнууд багтаж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 28 16:45
    1320

    Зургийг: mse.mn

    TDB Securities: Банкнууд анхдагч зах зээлд нэг жилээс богино хугацаанд нэг дор хэт өндөр дүн татан төвлөрүүлсэн учир хоёрдогч зах зээлд хувьцааны ханш өсөлттэй үед ч өндөр үнэ төлж худалдаж авах эрэлт бага байсан буюу эсрэгээрээ нийлүүлэлт өндөр байсан

    Өнгөрсөн онд системийн нөлөө бүхий “Топ 5” банк IPO хийснээр Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа 11 их наяд төгрөг давж байв. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байгаа энэ үед банкнуудын хувьцааны ханш IPO хийсэн үеийн ханшнаасаа голчлон буурсан хөдөлгөөнтэй хэвээр байна.

    ХЗЗ-д ноёлогсод

    Тавдугаар сарын 28-ны өдрийн байдлаар “Хаан банк” ХК-ийн хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш жил орчмын хугацаанд 15 гаруй хувиар унажээ. Мөн “Худалдаа Хөгжлийн банк” ХК, “Голомт банк” ХК-ийн хувьцааны ханш 21-29 хувиар тус тус унасан бол “Төрийн банк” ХК-ийнх анхны үнээсээ хамгийн өндөр дүнгээр буюу 51 хувиар буурсан байна. Харин ганц “Хасбанк” ХК-ийн хувьцааны ханш сүүлийн байдлаар IPO хийсэн үнээсээ найман хувийн өсөлттэй байгаа юм. Хэдий тийм боловч өнгөрсөн оны зургаадугаар сард арилжаа эхэлснээс хойших хагас жилийн хугацаанд тус банкны хувьцаа мөн л уналттай байлаа.

    “Ти Ди Би Секьюритис ҮЦК”-ийн тооцооллоос харвал дээрх банкнууд 10 сарын хугацаанд зах зээлээс нийт 446.8 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн нь Монголын хөрөнгийн захад 2005 онд анхны IPO хийгдсэнээс хойш анхдагч зах зээлийн арилжаагаар татан төвлөрүүлсэн нийт дүнгийн талаас дээш хувь буюу 63.7 хувийг эзэлж байна. Мөн ТОП-20 индексийн хувьцаат компаниудын нийт зах зээлийн үнэлгээг салбараар нь ангилбал банк, санхүүгийн салбар 62.8 хувийг бүрдүүлдэг болсныг Санхүүгийн зохицуулах хороо тайландаа дурджээ.

    Үнэлгээ доогуур байна

    Банкны салбарын хувьцаанууд ТОП-20 индексийн дундаж үнэ, дансны үнэ (P/B) болон дундаж үнэ ашгийн харьцаанаас (P/E) бага буюу хямдаар арилжаалагдаж байгааг “Таван богд капитал ҮЦК” шинжилжээ. Гэтэл жишиг индексээс хамгийн хямд үнэтэй мөртөө хамгийн өндөр өгөөжтэй таван хувьцааны дөрөв нь банкны хувьцаа буюу Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Богд банкны хувьцаа багтсан байна.

    Өргөн хүрээнд харвал банк, банк бус санхүүгийн байгууллага, уул уурхайн салбарын хувьцаануудын өөрийн хөрөнгийн өгөөж ТОП-20 индексийн дунджаас өндөр байгаа. Ийнхүү банкнуудын хувьцааны бодит үнэлгээ, зах зээлийн үнэлгээ зөрөхөд дараах шалтгаанууд нөлөөлж буйг “Ти Ди Би Секьюритис ҮЦК”-ийн шинжээч Б.Билэгжаргал тайлбарлалаа.

    Хэт өндөр нийлүүлэлт: Банкнууд анхдагч зах зээлд жил ч хүрэхгүй хугацаанд хэт өндөр дүн татан төвлөрүүлсэн учир хоёрдогч зах зээлд хувьцааны ханш өсөлттэй үед ч өндөр үнэ төлж, худалдаж авах эрэлт бага байсан.

    Салбарын онцлог: Банкны салбарын голлох таван тоглогч болсон компаниуд нээлттэй компани болсноор хөрөнгийн захад “Value Stock” буюу үнэ цэнтэй хувьцааны тоог нэмэгдүүлсэн. Хэдий тийм боловч санхүүгийн зах зээлийн 85-90 орчим хувийг бүрдүүлдэг банкны салбарын хувьцаа технологийн компаниуд шиг огцом өсөлт үзүүлээд байхгүй. Үүнээс гадна бодлогын хүү өндөр байгаа үед хөрөнгө оруулагчид тогтмол өгөөжтэй бонд зэрэг хэрэгслүүдээс өгөөж хүртэж байгаа нь харагдаж байна.

    Зах зээлийн үр ашиггүй байдал: Одоо нийтэд идэвхтэй арилжаалагдаж буй хувьцаанаас богино хугацаанд ашиг хүртээд гарах зорилготой арилжаалагчид их байна. IPO хийсэн үнэ дээр ирэхэд л алдагдалгүй хувьцаагаа зарах анхны хөрөнгө оруулагчид буюу зарах захиалга их байх болно.

     Банкны салбар бол хөрөнгийн зах зээлийн чухал хэсгийг бүрдүүлж байна. Тиймээс банкнуудын хувьцаа илүү нарийн, зохих ёсоор үнэлэгдээсэй гэж найдаж байна. Харамсалтай нь зах зээлд хувьцааны арилжааны тоо хэмжээ маш бага байгаа нь манай хувьцаа зорилтот ханшдаа хүрч чадахгүй байгаа шалтгаануудын нэг.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих