
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
“Дэлхий нийтэд дахиад хэд хэдэн “Оюутолгой” хэрэгтэй” гэж “Bloomberg” өнгөрсөн онд Оюутолгойн гүний уурхайн нээлтийн үеэр бичиж байв. Монголд дараагийн “Оюутолгой” болохуйц томоохон төслүүдийг хэрэгжүүлье гэвэл хууль эрх зүйн орчин, тэр дундаа хайгуулын лицензийн зохицуулалтыг өрсөлдөхүйц түвшинд аваачих шаардлага маш их байна.
Хөдөлж эхэлж буй нь сайн хэрэг
Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт орж ирдэг ч сүүлийн жилүүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл зогсонги байдалд орсныг салбарынхан шүүмжилсээр ирлээ. Монгол Улс 80 гаруй төрлийн ашигт малтмал олборлох боломжтой ч өдгөө зөвхөн 5-6 төрлийг нь л олборлож байгааг Монголын Геологийн Холбоо өмнө нь мэдээлж байв.
“Хайгуулын суурь судалгааны төсөлд 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Ийм хэмжээний төсвөөр дараагийн Оюутолгой, Тавантолгойг олох ямар ч боломжгүй” хэмээн тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одхүү онцолсон юм. Хайгуулын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа нь хөрөнгө оруулагч олдохгүйдээ биш харин Төр хайгуулын тусгай зөвшөөрлөө “харамладаг”-т гол учир байна гэж хэдэн жилийн “Дисковер Монголиа” чуулга уулзалтын үеэр хөндөж байлаа.
Хувийн хөрөнгөөр хийсэн геологи, хайгуулын ажлын нийт зардал 2016 оноос хойш тасралтгүй буурсны эцэст 2022 оноос сэргэснийг Ашигт малтмал, газрын тосны газрын сүүлийн тайлан харуулж байна. Тодруулбал 2021 онд 99.1 тэрбум төгрөг зарцуулагдсан нь доод түвшин болсон бол 2022 онд 182.56 тэрбум төгрөг болж өсжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаас гадна өргөдлөөр олгоно, мөн эрлийн ажлыг хувийн хөрөнгөөр хийж болно гэсэн заалтууд орсон салбарын ирээдүйг тодорхойлох маш чухал өөрчлөлт болж магадгүйг мэргэжилтнүүд тодотгож байна. Түүнчлэн “Цаашид хайгуулын тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох бодлого баримтална” гэж УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлж байсан юм.
Боломж нээлттэй
Тэртээ тэргүй эрсдэл өндөртэйд тооцогддог хайгуулын бизнесийг Монголд улам эрсдэлтэй болгож буй гол хүчин зүйл нь асар өндөр татвар болохыг худалдааны танхимууд тодотгодог.
“Компаниуд хайгуулын, олборлолтын лицензээ зарахад борлуулалтын үнэд биш, харин төслийн үнэлгээ, зардал зэрэг өөр өөр үнэлгээнд суурилсан татвар ногдуулдаг. Ингэснээр заримдаа хайгуулын лицензээ зарж буй төлбөрөөсөө илүү өндөр дүнтэй татвар төлөх тохиолдол гардаг. Үүнээс гадна татвар авахдаа хайгуулын зардлыг хасахгүй, бохир ашгаас нь тооцож авдаг нь буруу гэж бид үзэж байгаа” хэмээн “ЕвроЧам Монгол”-ын Гүйцэтгэх захирал Б.Зандан онцолж байлаа.
2040 он хүртэл илүү ногоон дэлхийг бүтээхэд зэсийн нийлүүлэлт зургаан сая тонн орчмоор дутна гэж “Wood Mackenzie”-ийн шинжээчид тооцоолсон нь энэ хугацаанд дахиад “Оюутолгой” шиг 12 орд үйл ажиллагаагаа эхлэх хэрэгтэй гэсэн үг юм. Гэтэл “BloombergNEF”-ийн тооцоолсноор боловсруулсан зэсийн эрэлт 2040 он гэхэд 53 хувиар өсөх бол уурхайн нийлүүлэлт 16 хувиар л өсөхөөр байгаа аж.
“Эрэлт нийлүүлэлтийн хувьд маш том зөрүү байгаа. Бусад компанийг худалдан авах нь шийдэл биш гэж харж байна. Яагаад гэхээр зэсийн нийлүүлэлт хэвээрээ л байна. Тийм учраас бид хайгуул хийх хэрэгтэй, уурхай болон процессыг хөгжүүлэх хэрэгтэй. Оюутолгойн жишээнээс их зүйл суралцаж болно” хэмээн “Rio Tinto” группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцолж байв.