logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Coca-Cola” тэргүүтэй томоохон брэндүүд ОХУ-аас гарахаа амласан. Харин бодит байдалд...
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 20 16:50
    13827

    Зургийг: Ben Denzer for Bloomberg Businessweek

    Яг “Coca-Cola” шиг өнгийн лаазтай, амтыг нь цөөхөн хэдэн хүн л жинхэнээс нь ялгаж чадах “Добрый Cola” хэмээх ундаа ОХУ-д шинээр худалдаанд гарчээ

    2022 оны хоёрдугаар сард Владимир Путины цэргийн хүч Украины хилээр халдан довтолсны дараа ОХУ-ыг эсэргүүцэж, бизнесээ тэндээс гаргахаа анхлан мэдэгдсэн үндэстэн дамнасан компаниуд дунд “Coca-Cola” байсан юм.  Цаашид Кремлийн эсрэг тавигдах барууны хоригуудыг дагаснаар компанийнх нь үйл ажиллагаанд хүндрэл үүсэх нь тодорхой байсан тул “Coca-Cola” ОХУ дахь түншүүддээ худалдаанд гарсан лаазтай болон савтай ундаануудаа буцаан татаж, компанийн нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ бүрэн зогсоох шаардлага тавьж байжээ. 

    Түүнээс хойш хоёр жил өнгөрсөн ч “Coca-Cola”-ийн тод улаан савлагаатай ундааг ОХУ даяар супермаркет, зоогийн газруудаас хялбархан олж болохоор байна.

    Үүний зэрэгцээ яг “Coca-Cola” шиг өнгийн лаазтай, амтыг нь цөөхөн хэдэн хүн л жинхэнээс нь ялгаж чадах “Добрый Cola” хэмээх ундаа тус улсад шинээр худалдаанд гарчээ. Эдгээрээс харвал “Coca-Cola” компани ОХУ-ын тэргүүлэх хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгч хэвээр гэхэд хилсдэхгүй болжээ.

    ОХУ-д “Coca-Cola” ундааг савлан үйлдвэрлэдэг байсан “Multon Partners” компанийг “Coca-Cola HBC” хэмээх Лондоны биржид бүртгэлтэй тусдаа компани эзэмшдэгт үүний шалтгаан оршино.  Тус компанийн зөвхөн 21 хувь нь АНУ дахь “Coca-Cola”-ийн толгой компанийн мэдэлд байдаг аж.

    ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлсний дараа “Coca-Cola HBC” үйлдвэрлэлээ зогсоох үед “Multon Partners” “Добрый Cola”-ийг танилцуулжээ. Өдгөө тэрхүү ундаа ОХУ-д борлуулалтаараа тэргүүлж, зах зээлийнхээ 13 хувийг эзэлж байгааг “Prodazhi.rf” дата шинжилгээний компанийн судлаач мэдээлж байсан юм.

    “Сoca-Cola ундааны ОХУ дахь борлуулалтын орлого “Coca-Cola HBC” компанид шилжсэн л гэхэд болно. Улмаар “Добрый Cola”-ийн амжилт нь тус компанийн ОХУ-ын зах зээлд эзлэх хувийг тэлсэн хэмээн “CFRA Research”-ийн шинжээч Гаррет Нелсон мөн онцолжээ. 

    Харин жинхэнэ “Сoca-Cola” ундааг Гүрж, Казахстан зэрэг улсаас импортолдог болсон нь ОХУ-д одоо ч хаа сайгүй харагдсаар байгаагийнх нь шалтгаан аж. Эзлэн түрэмгийллээ эхлүүлсний дараа ОХУ гадаад брэндийн бараа, бүтээгдэхүүнийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй худалдаалах боломж олгосон хууль баталсан юм. 

    Төрөл бүрийн ундааг сагс сагсаар нь ачсан автомашинууд ОХУ-ын хилээр нэвтэрсээр байгаа тул орос иргэд хүсвэл жинхэнэ “Сoca-Cola”-ийг хялбархан олж ууж чадна гэсэн үг юм. Хэдий тийм боловч энэ нь “Сoca-Cola” компани алдагдал хүлээгээгүй гэсэн үг биш.

    “Coca-Cola HBC” компанийн мэдээлснээр өнгөрсөн онд ОХУ дахь борлуулалтын хэмжээ нь 12 хувиар өссөн ч “Сoca-Cola” ундаа ОХУ-ын зах зээлийн 26 хувийг эзэлж, бусад өрсөлдөгчдөө илүүрхэж байсан 2021 онтой харьцуулахад 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм. Иймд “Сoca-Cola” ОХУ дахь “Добрый Cola”-ийн борлуулалт, “Multon Partners”-ийн бизнесээс ашиг хүртэж байгаа болж таарч байна. Гэхдээ тус компани ОХУ дахь үйл ажиллагааны менежментэд оролцохгүй байгаагаа мэдэгдсэн аж. 

    Энэ мэтээр ОХУ-аас бүрэн гараагүй байгаа компани нь ганц “Сoca-Cola” биш. 2022 оны есдүгээр сард “PepsiCo” компани “Pepsi”, “Mountain Dew”, “7Up” ундаануудаа ОХУ-д үйлдвэрлэж, борлуулахаа зогсоосноо мэдэгдэж, улмаар компанийн зах зээлд эзлэх хувь огцом агшиж байв. Гэвч төд удалгүй компани ОХУ-д “Evervess” хэмээх шинэ кола гаргаж, “Frustyle” гэх “Mirinda”-тай төстэй ундааныхаа үйлдвэрлэлийг эрчимжүүлжээ.

    Өнгөрсөн онд “PepsiCo”-ийн ОХУ дахь салбар нэгжийн шингэн хүнсний бүтээгдэхүүний борлуулалт 12 хувиар өсөж, 209 тэрбум рубль (2.3 тэрбум ам.доллар) хүрсэн нь ОХУ-ын татварын албаны мэдээллээс харагдаж байлаа.

    ОХУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр буй компаниудын хувьд нэг том хүндрэл байгаа нь орлогоо тус улсаас татан авахтай холбоотой аж. ОХУ-аас гуйвуулга хийхийн тулд олдоход тун хэцүү зөвшөөрөл авах ёстой юм байна. Хэдий тийм боловч компаниудын ОХУ-д олж буй ашиг даацтай хэвээр байна.

    Дайны зарцуулалт нэмэгдсэнээр ОХУ-ын эдийн засаг өнгөрсөн онд 3.6 хувиар өсөж, ажилгүйдлийн түвшин түүхэн доод түвшинд буюу 2.6 хувь руу бууж, цалингийн хэмжээ ч эрс нэмэгджээ.

    “Засгийн газар төсвийн сул бодлого баримталж, Төрийн үйлчилгээний салбартаа их хэмжээний мөнгө нийлүүлж байна. Мөн ОХУ-ын хөдөлмөрийн зах зээлд эрэлт маш их байна” хэмээн “Oxford Economics”-ийн мэргэжилтэн Татьяна Орлова өгүүлж байлаа. 

    Cэтгэгдэл бичих